Б.Найдалаа Эрчим хүчний сайдаар томилогдсноос хойших сар гаруйн хугацаандаа Монгол Улсад суугаа Элчин сайдууд, Олон улсын байгууллагуудын долоон төлөөлөгчтэй салбарын асуудал, төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны чиглэлээр уулзалт хийж байна. Өнгөрсөн долоо хоногт хоёр банкны суурин төлөөлөгч, хоёр Элчин сайдтай уулзаад амжжээ.
-
04.28 НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Матилда Димовска
-
04.30 Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнг
-
05.01 Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэл
-
05.07 Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц
-
05.07 Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ
-
05.08 Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч Жахан Шамсиев
-
05.08 Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын Үйл ажиллагаа эрхэлсэн дарга Чандра Мохан Арора
Эдгээр уулзалтаар Б.Найдалаа сайдын хувьд Монгол Улс эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэхээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад хаалгаа илүү зоригтой нээж байгааг онцолсон. Тэрхүү уулзалтуудын хүрээнд яригдсан болон хэрэгжиж буй төслүүдийн талаар тоймлон хүргэе.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлт илэрхийлэв
-
Гэр хорооллын өрхүүдэд нарны эрчим хүчинд суурилсан халаалтын шийдлийг нэвтрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
-
Цэвэр эрчим хүчийг богино хугацаанд, өргөн хүрээнд ашиглах тодорхой шийдэл, саналуудыг боловсруулсан.
Австрали СЭХ-ний хүртээмжийг нэмэгдүүлэх санаачилгыг дэмжинэ
-
Нар, салхины эрчим хүч, устөрөгчийн технологиор тэргүүлэгчдийн нэг Австрали Улсын зүгээс монгол айл өрхүүдийн агаарын чанарыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Нүүрснээс нарны эрчим хүч рүү” санаачилгыг дэмжиж ажиллана.
-
Герман улстай хамтран техникийн болон мэргэжлийн боловсролын шинэчлэлийг дэмжин, чадварлаг боловсон хүчин бэлдэхэд хувь нэмрээ оруулж байна.
Турк Улс эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлжээ
-
Монголд хөрөнгө оруулах сонирхолтой Туркийн хувийн хэвшлийнхний тоо нэмэгдэж байна. Тиймээс эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой.
-
“Туркийн тэтгэлэг” (“Türkiye Bursları”) хөтөлбөрөөр дамжуулан монгол залуус шилдэг их, дээд сургуулиудад нь эрчим хүчний инженерчлэл, цахилгаан холбооны чиглэлээр суралцаж байна.
- Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА) нь Монголын эрчим хүчний салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, богино хугацааны сургалтад хамруулах ажлыг зохион байгуулдаг.
Герман эрчим хүчний шилжилт хийх мэргэжилтнүүдийг бэлтгэж байна
-
“Монгол Улсын төгтвортой эрчим хүчний чадавхыг хөгжүүлэх төсөл” хэрэгжснээр эрчим хүчний шилжилт хийхэд шаардагдах боловсон хүчнийг сургах, инженер, техникийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх ач холбогдолтой. ЭХЯ, ЭХЗХ, ДҮТ зэрэг байгууллагуудын 349 мэргэжилтнийг дотоодод болон Герман, Хятадад сургалтад хамруулаад байна.
-
20.45 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2019-2026 онд хэрэгжүүлж буй “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хот, Багануур дүүрэг болон долоон аймаг дахь 110, 220 кВ 30 дэд станцын тоноглол, хяналт удирдлагын системийг шинэчилж байна. Мөн “ИХБ-4”, “Улаанбаатар”, “Дархан”, “Эрдэнэт” дэд станцын реле хамгаалалт автоматик, хяналт, удирдлагын нэгдсэн системийг бүрэн шинэчилж HMI систем нэвтрүүлнэ. Төсөл 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд энэ оны гуравдугаар улиралд багтаан дуусгахаар төлөвлөжээ.
-
“Өргөө” 110/10 кВ 2*63 МВА чадалтай дэд станц, 110 кВ дөрвөн км урттай ЦДАШ барих төсөл” 63 тэрбум төгрөгийн санхүүжилттэй. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаанд орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан GIS технологийн хаалттай хуваарилах байгууламж бүхий дэд станц барих төсөл юм. Төслийн барилга угсралтын ажлын зургийг боловсруулан баталгаажуулах шатанд явж байна.
Энэтхэг Улс СЭХ-ний салбарт хамтран ажиллах санамж бичгээ шинэчилнэ
-
2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд багтсан Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, БНЭУ-ын Шинэ болон сэргээгдэх эрчим хүчний яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулахаар холбогдох саналыг хүргүүлэн ажиллаж байна. Тус санамж бичигт нар, салхи, биомасс, бага оврын усан цахилгаан станц, ногоон устөрөгч, хуримтлуурын станц, мэргэжилтнүүдийн чадавх бэхжүүлэх зэрэг сэргээгдэх эрчим хүчний бүхий л чиглэлд хамтран ажиллахаар тусгасан. БНЭУ-ын Гадаад хэргийн сайд зургаадугаар сард айлчлахаар төлөвлөжээ. Энэ үеэр санамж бичгийг шинэчлэн гарын үсэг зурах боломжийг хоёр тал эрэлхийлэх нь зүйтэй гэлээ.
АХБ дамжуулалт, түгээлтийн алдагдлыг бууруулах төсөл хэрэгжүүлнэ
-
Өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хамтран хэрэгжүүлэх нар, салхин цахилгаан станцын төслийн талаар ярилцсан. Уг төслүүд бүс нутгийн эрчим хүчний хангамжийн найдвартай байдал дээшлэхийн зэрэгцээ СЭХ-ний эх үүсвэрээс сүлжээнд нийлүүлэх үнэ буурах боломжтой.
-
ТБНС-нд ажиллах ус хуримтлуурт УЦС төслийн талаар мэдээлэл солилцсон. УЦС барих оновчтой байршил сонгоход АХБ-ны зөвлөхүүдтэй хамтран ажилласан юм. Засгийн газрын тогтоолоор төслийн барилга байгууламж барих газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байна. Харин АХБ-ны зүгээс төслийн санхүүжилтийн хэлбэрийг шийдвэрлэхээр ярилцаж байгаа аж.
-
Эрчим хүчний ухаалаг системийг хөгжүүлэх төслийн ТЭЗҮ-ийг Эрчим хүчний яамны захиалгаар АХБ-ны техник туслалцааны хөрөнгөөр ХБНГУ-ын компаниуд гүйцэтгэжээ. АХБ-наас санхүүжүүлэх уг төсөл Монгол Улсын нийт цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний дэд бүтцийн хяналт, удирдлагын системийг шинэчлэнэ.
ЕСБХБ-наас 4 төсөл хэрэгжүүлж байна
-
Чойр-Сайншандын 220 кВ 2 хэлхээ 220.04 км урттай ЦДАШ, 220/110/35 кВ “Сайншанд” дэд станц болон “Чойр” дэд станцын өргөтгөлийн төслийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерт “Jiangsu Zhongtian Technology” компани шалгарсан. Гэвч худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол гарсан тул гэрээ байгуулах явц тодорхой хугацаагаар хойшилжээ.
-
Сонгино-Дархан чиглэлийн 220 кВ 2 хэлхээ 196.5 км урттай ЦДАШ, дэд станц өргөтгөх төсөл
-
Сайншанд-Цагаансуварга чиглэлийн 220 кВ 2 хэлхээ 204.6 км урт ЦДАШ, 220/22 кВ “Цагаансуварга” дэд станцын өргөтгөлийн төсөл
-
Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн төслийн гүйцэтгэл 85 хувьтай байна.
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |


_1778469293.jpg)



