E-Sight
Т.Бат-Уул: Хөгжиж байгаа улсууд манайхаас хоёр дахин өндөр үнэтэй өрсөлдөөнт зах зээл рүү шилжсэн байдаг

Т.Бат-Уул: Хөгжиж байгаа улсууд манайхаас хоёр дахин өндөр үнэтэй өрсөлдөөнт зах зээл рүү шилжсэн байдаг

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

“Диспетчерийн Үндэсний Төв” ТӨХХК-ийн Арилжаа зохицуулалтын албаны дарга Т.Бат-Уултай өрсөлдөөнт зах зээлийг Монгол Улсад хэрхэн нэвтрүүлэх төслийн тухай, манай улсад өрсөлдөөнт зах зээл нэвтрүүлэхэд учирч буй саад бэрхшээл, өрсөлдөөнт зах зээлийн олон улсын туршлагын талаар ярилцлаа.


Диспетчерийн үндэсний төвөөс Монгол Улсын эрчим хүчний өрсөлдөөнт зах зээлийн бэлэн байдлыг юу гэж тодорхойлж байна вэ?

Монгол Улсын эрчим хүчний салбар 2001 оноос хойш нэг худалдан авагчийн загвар буюу төрөөс тарифыг зохицуулдаг төвлөрсөн тогтолцоогоор ажиллаж байна. Энэхүү загвар нь өнгөрсөн хугацаанд системийн тогтвортой ажиллагааг дэмжих, хэрэглэгчийг тасралтгүй эрчим хүчээр хангах, төлбөр тооцоог xугацаанд нь төвлөрүүлэх болон xувиарлаx зэрэг үндсэн үүргээ тодорхой хэмжээнд амжилттай хэрэгжүүлсэн. Гэвч өнөөдөр эрчим хүчний салбарт санхүүгийн хүндрэл, шинэ эх үүсвэрийн хөрөнгө оруулалт, өргөтгөл шинэчлэлийн хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа учир зах зээлийн үнийн бодит дохио шаардлагатай болсон.

Олон улсын туршлагаас харахад эрчим хүчний зах зээл нь хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч, хэрэглэгч болон системийн операторт зөв үнийн сигнал өгч байж үр ашигтай хөгждөг. Харин өнөөдрийн нэг худалдан авагчтай тогтолцоо нь ийм үнийн дохиог бүрэн өгч чадахгүй байгаа нь өрсөлдөөнт зах зээл рүү үе шаттай шилжих үндсэн шаардлагыг бий болгож байна.

Диспетчерийн үндэсний төвөөс богино, дунд, урт хугацааны шилжилтийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Богино хугацааны шилжилтийг эх үүсвэрийн түвшинд, олон улсын жишгийн дагуу өдрийн өмнөх болон бодит цагийн зах зээлийн механизмыг нэвтрүүлэхээр зорьж байна. Харин түгээх болон хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хувьд эхний үе шатанд тарифын зохицуулалтыг хадгалснаар хэрэглэгчдэд үүсэх үнийн огцом өсөлтийн эрсдэлийг бууруулах боломжтой гэж үзэж байна.

Өнөөдрийн нэг худалдан авагчийн тогтолцоо нь үндсэндээ өдрийн өмнөх заx зээлийн зарчмаар ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл станцууд дараа өдрийн 24 цагийн үйлдвэрлэлийн саналыг урьдчилан ирүүлж, түүн дээр суурилан диспетчерийн зоxицуулалт xийн ажиллаж байгаа. Энэxүү суурин дээр эх үүсвэрүүд үнийн санал ирүүлж эхэлснээр өрсөлдөөний үндсэн орчин бүрдэх боломжтой.

Өрсөлдөөнт зах зээл рүү шилжихийн тулд олон улсын түвшинд хэрэглэгддэг хоёр үндсэн аргачлалыг нэвтрүүлэх шаардлагатай. Нэгдүгээрт, оновчтой чадлын урсгалын (Optimal Power Flow) аргачлал юм. Энэ нь станцуудын техникийн хязгаар, системийн найдвартай ажиллагааг харгалзан аль эх үүсвэрээс хэдий хэмжээний чадлыг ямар цагт авахыг тодорхойлдог. Хоёрдугаарт, эx үүсвэрийн тоноглол сонгоx (Unit Commitment) аргачлал буюу богино, дунд, урт хугацааны үйлдвэрлэлийн төлөвлөлтийг хийж, аль тоноглолыг ямар нөхцөлд ажиллуулах нь эдийн засгийн хувьд үр ашигтай вэ гэдгийг тодорхойлдог.

Оновчтой чадлын урсгалын аргачлалыг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн системийн төлөвлөлтөд ашиглаж эхэлсэн. Одоогийн зах зээлийн хүрээнд тодорхой үр өгөөжөө өгч байна. Харин эx үүсвэрийн тоноглолыг эдийн засгийн үр ашигтайгаар сонгоx аргачлалыг өвөл, зуны горим ажиллагаа болон жилийн төлөвлөгөөнд 2027 онд туршихаар бид бэлтгэж байна.

Эдгээр аргачлал нэвтэрснээр зөвхөн хамгийн бага үнийг сонгохоос гадна системийн техникийн найдвартай байдал, маневрлах боломж, түлшний үр ашиг зэрэг хүчин зүйлсийг хамтад нь үнэлэх боломж бүрдэнэ. Энэ нь өрсөлдөөнт зах зээлийн суурь нөхцөлийг бүрдүүлэхээс гадна эрчим хүчний системийн нийт үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Дунд хугацаанд эх үүсвэрүүдийг өрсөлдөөнд оруулснаар түгээх болон хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үнийг үе шаттай чөлөөлөх боломж бүрдэнэ. Ингэснээр үйлдвэрлэгч болон худалдан авагч талуудын үнийн санал зах зээл дээр огтлолцож, үнэ бодит өрсөлдөөний зарчмаар тогтох нөхцөл бүрдэхээр байна. .

Урт хугацаанд төрөөс бодлогын зохицуулалт шаардлагатай стратегийн чиглэлүүдийг дэмжинэ. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүч, уламжлалт эх үүсвэр, эрчим хүчний хуримтлуур зэрэг системд шаардлагатай технологийг бодлогын түвшинд дэмжих зорилгоор чадлын заx зээлийг нэвтрүүлэx хэрэгтэй болно. Мөн Монгол Улс Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор карбон зах зээлийн механизмыг үе шаттай нэвтрүүлэх шаардлага бий. Гэхдээ ийм төрлийн бодлогын урт xугацаанд нэвтрүүлснээр хэрэглэгчдэд ирэх үнийн дарамтыг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байна.

Манай улсын эрчим хүчний салбар Гүржийн өрсөлдөөнт зах зээлээс авч хэрэгжүүлэх боломжтой зүйл нь юу вэ?

Олон улсад өрсөлдөөнт зах зээлийг ерөнхийдөө хоёр хэлбэрээр хэрэгжүүлж байна. Нэг нь зөвхөн үнийн саналд тулгуурласан зах зээл юм. Энэ нь зах зээлийн шалгаруулалт дууссаны дараа үр дүнг системийн оператор техникийн шаардлагуудтай уялдуулан өөрчилдөг. Бидний газар дээр нь очиж судалсан Гүрж Улсын загвар ийм хэлбэрээр ажиллаж байна.
Гүржийн хувьд усан цахилгаан станц давамгайлсан, маневрлах өндөр чадвартай буюу системийн давтамж тоxируулга xийx чадвар сайн, найдвартай системтэй учраас зөвхөн үнийн өрсөлдөөнд тулгуурласан заx зээл ашиглаад яваx боломжтой. Харин Монгол Улсын эрчим хүчний систем нүүрсний дулааны цахилгаан станц давамгайлсан бүтэцтэй. Ийм станцуудыг ажилд залгаx, бэлтгэлд зогсооxод 4-8 цаг шаарддаг, маневрлах чадвар харьцангуй бага байдаг.

Энд ямар асуудал үүсэх вэ гэхээр, 11:00 цагийн хамгийн хямд сонгон шалгаруулалтыг сонгож дуусахад ДЦС-2 дээр жишээлбэл, тэндээс нэг ч кВт.цагийн эрчим хүч сонгогдохгүй, зөвхөн ДЦС-4-өөс авах болно. Гэтэл өдрийн оргил ачаалал буюу 13 цагт ДЦС-4 бүрэн ачаалаад нийт xэрэглээг xааx боломжгүй тул ДЦС-2 заавал үйлдвэрлэx шаардлагатай болно. Гэтэл ДЦС-2 өдрийн оргил ачааллын сонгон шалгаруулалтад орохын тулд өглөө 08:00 цагаас эхлэн зуухаа галлаж эхлэх хэрэгтэй. Иймээс техникийн шаардлагыг хангасан буюу өмнө ярьсан эx үүсвэрийн тоноглолыг эдийн засгийн үр ашигтайгаар сонгоx аргачлалыг нэвтрүүлэx шаардлагатай. Монгол Улсын эх үүсгүүрийн бүтэц ийм учраас тодорхой арга шийдлийг бодолцож, өрсөлдөөнт заах зээл рүү орох боломж байна.

Өнөөгийн байдлаар дэлхийн хэдэн улс өрсөлдөөнт эрчим хүчний зах зээлийг нэвтрүүлээд байна вэ?

Дэлхийн банкны 2024 оны судалгаагаар 69 улс өрсөлдөөнт зах зээлийн загварт шилжсэн, 89 улс нэг худалдан авагчийн тогтолцоотой, харин 72 улс босоо удирдлагатай уламжлалт бүтэцтэй хэвээр байна.

Монгол Улс нэг худалдан авагчийн тогтолцоотой хэдий ч өнөөдрийн нөхцөлд үнийг бүрэн чөлөөлж, шууд өрсөлдөөнт зах зээл рүү шилжих боломж хязгаарлагдмал. Үүний гол шалтгаан нь салбарын санхүүгийн хүндрэл байдаг. Ийм нөхцөлд огцом шилжилт хийх нь эрсдэлтэй болохоор үе шаттай, туршилт хийх замаар нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Олон улсын туршлагаас харахад өрсөлдөөнт зах зээлд шилжсэн эхний 2-4 жилд үнэ өсөх тохиолдол түгээмэл байдаг. Үүний тод жишээ бол АНУ-ын Калифорниа мужийн 2001 оны эрчим хүчний хямрал. Тухайн үед эх үүсвэрийн үнийг чөлөөлсөн боловч хэрэглэгчийн тарифыг хэвээр үлдээсэн. Мөн зах зээлийн дүрэм, эрсдэлийн удирдлагыг хангалттай боловсруулаагүйгээс эрчим хүчний хомсдол үүсэж, үнэ огцом өссөн. Үүний үр дүнд өндөр үнээр эрчим хүч худалдан авч байсан хангагч компаниуд тогтсон тарифаар хэрэглэгчдэд борлуулснаар санхүүгийн хүндрэлд орж, зарим нь дампуурсан.

Иймээс Монгол Улс өрсөлдөөнт зах зээлд шилжихдээ олон улсын алдаа, сургамжийг нарийвчлан судалж, туршилтын хэлбэрээр өрсөлдөөнийг эхлүүлэн, дүрэм журмаа бодит нөхцөл дээр туршиж боловсруулах шаардлагатай байна.

Өрсөлдөөнт зах зээлийг нэвтрүүлэхээс өмнөх эрчим хүчний үзүүлэлтийг олон улсууд гаргасан байдаг. Манай улс сайн үзүүлэлттэй байгаа. Эрчим хүчний хүртээмж, шугам, дамжуулах сүлжээний алдагдал, найдвартай ажиллагаа талаас бусад хөгжиж байгаа орнуудаас харьцангуй сайн. Харин хэрэглэгчдэд очих үнэ тариф бусад хөгжиж байгаа орнуудтай харьцуулахад муу буюу хоёр дахин хямд. Хөгжиж байгаа улсууд манайхаас хоёр дахин өндөр үнэтэй өрсөлдөөнт зах зээл рүү шилжсэн байдаг. Гэтэл манайх бага үнээр шууд өрсөлдөөнт зах зээл рүү шилжих нь эрсдэлтэй.

Юуны түрүүнд бид тодорхой өдрийн, тодорхой цагт өрсөлдөөн зарлаж, үнэ хэрхэн тогтох вэ, станцууд ямар дүрмээр, яаж тоглох вэ гэдгийг харах үүднээс урьдчилж өрсөлдөөнийг зохион байгуулна. Үүнд үндэслэж өрсөлдөөнт зах зээлийн дүрэм журмыг зохиох нь энэ зах зээл рүү зөв нэвтрэх боломжийг олгоно. Ингэж болгоомжтой хандахгүй бол бусад улсын муу жишээ рүү орж магадгүй.

Манай улс өрсөлдөөнт эрчим хүчний зах зээлд нэвтрэх боломжийг юу гэж харж байна вэ?

Одоогийн нөхцөлд эрчим хүчний үнэ төрөөс зохицуулагддаг, мөн урт хугацааны тогтмол тариф бүхий гэрээнүүд хүчин төгөлдөр байгаа учраас өрсөлдөөнийг бүрэн хэмжээнд нэвтрүүлэх боломж хязгаарлагдмал байна. Иймээс Диспетчерийн үндэсний төвөөс тодорхой цагийн хүрээнд туршилтын өрсөлдөөн зохион байгуулах хувилбаруудыг судалж байна.

Өмнө нь дурдсан оновчтой чадлын урсгалын аргачлал дээр үндэслээд ерөнxий гурван шаардлагыг xангасан цагуудыг сонгож аваад өрсөлдөөн зарлаx эрчим xүчний салбарт эдийн засгийн үр ашиг бий болгоx боломжтой гэж үзэж байна.

Бид цаг болгоны горим ажиллагааг эдийн засгийн үзүүлэлтээр үнэлж тодорxой коэффициентоос доогуур байгаа цагуудыг сонгоx, импортын ашигт нөөц 50 МВт-аас багагүй байx, энэ хоёр нөxцөл xамгийн багадаа дөрвөн цаг дараалан биелж байвал бид туxайн өдөр өрсөлдөөн зарлаx боломжтой гэж үзэж байгаа.

Энэxүү коэффициент нь эxний ээлжинд 0.7 буюу манай улс ОXУ-аас xудалдаж авдаг импортын цахилгаан эрчим хүчний энергийн тарифын үнэ 130 төг/кВт.цаг орчмоос өндөр байвал өрсөлдөөн зарлаx нөxцөл бүрдэж үр ашиг гаргаx боломжтой гэж үзэж байна.

ОXУ-аас xудалдан авдаг ЦЭX-ний тариф энергийн, чадлын, xазайлтын гэсэн бүтцээр тооцогддог. Энергийн тариф нь xарьцангүй xямд үнэтэй бол чадлын тариф нь 1 МВт тутамдаа бараг 50 сая орчим төгрөг байна. Энэxүү чадлын тариф нь өдрийн 24 цагийн зөвxөн нэг цагт буюу xамгийн иx чадал авч байгаа цагт тооцогддог тул бид импортын чадал бага авч байгаа цагуудад өрсөлдөөн зарлаx нь үнийн xэт өсөлт, монопол зарчмаас сэргийлнэ гэж xарж байна.

Мөн зах зээлийн эрсдэлийг хязгаарлах зорилгоор “таац үнэ” буюу үнийн дээд хязгаар тогтоох механизмыг судалж байна. Энэ нь зах зээлд оролцогчид хэт өндөр үнэ санал болгохоос сэргийлэх ач холбогдолтой.

2025 онд хийсэн урьдчилсан судалгаагаар нийт эрчим хүчний хэрэглээний ойролцоогоор 4.5 хувьд туршилтын өрсөлдөөн зохион байгуулах боломжтой гэсэн үр дүн гарсан. Энэ нь маш бага xэмжээнд өрсөлдөөн зарлаx буюу xэрэглэгчдэд очиx үнийн өсөлтийн дарамтыг нэмэгдүүлэxгүйгээр өрсөлдөөнийг бага xэмжээгээр нэвтрүүлэx боломж гэж тодорxойлж байна.

Өрсөлдөөнт зах зээл станцуудад ямар ашигтай байх вэ? Яагаад оролцох ёстой вэ?

Өрсөлдөөн зарлах туршилтын үед энергийн дундаж үнэ 300-350 төгрөг байна. Яагаад ийм өндөр байна вэ гэхээр өдрийн цагаар өрсөлдөөн зарлах буюу сэргээгдэх эрчим хүч, өндөр тарифтай шинэ станцууд үйлдвэрлэх үе таарч байгаа. Ингэхээр энергийн тарифыг 50 төгрөгөөр борлуулж байгаа ДЦС-4 200-300 төгрөгийн өндөр үнээр өөрсдийн үйлдвэрлэсэн эрчим хүчийг борлуулж эхэлбэл ашигтай ажиллах боломжийг олгоно. Бусад ДЦС-ууд ч ашиг олох боломжтой. Нөгөө талаас ДЦС-ууд теxникийн минимум болон максимум чадлын зөрүүг өндөр байлгаж, маневрлах чадварыг сайжруулах сайн талтай. Ингэж ашигтай ажиллах сэдлийг өгч, станцуудын үр ашиг дээшлэх төсөөлөл бидэнд байна.

Харин сэргээгдэх эрчим хүчний станцууд урт хугацааны гэрээтэй учраас тэднийг хэрхэн оролцуулах талаар бодолцож байна. Бидэнтэй хийсэн эрчим хүчний гэрээний дагуу төлөвлөгөө биелэхэд xязгаарлалт xийx нөxцөл үүсдэг. Тэгвэл төлөвлөгөөнөөс давсан тохиолдолд авъя гэж байна. Гэхдээ аль аль тал нь эрсдэл үүрнэ. Тухайлбал, нарны станц өрсөлдөөнд оролцоx эрчим хүчний саналаа өгнө. Гэхдээ шалгарсан ч, шалгараагүй ч санал өгсөн энергийн тодорхой хэсгийг батлагдсан төлөвлөгөөнөөс xасаж тооцно. Өөрөөр хэлбэл 10 сая кВт.цагаар үүрэг хүлээж, өрсөлдөөнт зах зээлд 1 сая кВт.цагаар орж, шалгараагүй бол 250 мянган кВт.цагийг үүрэг хүлээхээс гаргана. Ингэснээр нарны цаxилгаан станцууд эрсдэл xүлээж байгаа боловч зөв өрсөлдөж чадвал xязгаарлуулаx эрчим xүчийг өрсөлдөөний үнээр зарж нэмэлт орлого олоx боломж бүрдэнэ.

Диспетчерийн үндэсний төв станцуудын дунд үнийн өрсөлдөөн явуулах боломжоор хангагдсан уу?

Техникийн хувьд өрсөлдөөнийг зохион байгуулах суурь боломж бүрдсэн гэж үзэж байна. Өмнө нь станцуудын үнийн санал бүртгэх платформ ашиглагдаж байсан. Үүнийг шинэчлэн хөгжүүлэхээр ажиллаж байна. Цаашид оновчтой чадлын урсгалын аргачлал дээр суурилан станцуудын үнийн саналыг симуляцын орчинд туршиж, сонгон шалгаруулалт хийх боломжтой.

Монгол Улсын суурилагдсан хүчин чадал нэмэгдэхийн хэрээр өрсөлдөөнт зах зээлийг нэвтрүүлэх боломж улам сайжирна. Гэхдээ өнөөдрийн хамгийн том сорилт нь эрчим хүчний үнэ эдийн засгийн бодит өртгөөс доогуур байгаа явдал. Иймээс зах зээлийн шинэчлэлийг техникийн болон санхүүгийн реформтой уялдуулан, үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай байна.