E-Sight
МУИС салхи, нарны эрчим хүчийг хослуулсан судалгаа хөгжүүлэлтийн төвийг нээлээ

МУИС салхи, нарны эрчим хүчийг хослуулсан судалгаа хөгжүүлэлтийн төвийг нээлээ

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Салхи, нар болон батарей хуримтлуур, нарны дулааны коллекторт халаалтын систем бүхий цогц сэргээгдэх эрчим хүчний “Эрдэнэ-Микро сүлжээний судалгаа хөгжүүлэлтийн төв”-ийн нээлт өнгөрсөн бямба гараг (2026.05.16)-т боллоо. Уг төвийн үндсэн дэд бүтцийг БНСУ-ны Худалдаа аж үйлдвэрлэл ба эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний технологийн үнэлэлт төлөвлөлтийн институтийн санхүүжилттэй “Олон услын хамтарсан судалгааны хамтын ажиллагаа”-ны хүрээнд Монгол Улсад бага дунд уул уурхайд зориулсан бие даасан эрчим хүчний шийдлийг хөгжүүлэх зорилготойгоор Монгол талаас Монгол Улсын Их Сургуулийн Инженер технологийн сургууль, БНСУ-ын талаас “Ай-Он Коммуникейшнс” ХХК-иар ахлуулсан түншлэл гүйцэтгэсэн байна.

Уг систем нь 80 кВт-ын чадалтай нарны эх үүсгүүр, нэг бүр нь 10 кВт-ын чадалтай гурван салхин турбин, нийт 110 кВт-ын хүчин чадалтай цахилгааны эх үүсгүүр болон 150 кВт.цагийн цэнэг хуримтлуур суурилуулсан бөгөөд үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ 250 кВА чадалтай трансформатораар дамжуулан 10 кВ хүчдэлийн түвшинд цагаан тугалганы уурхайд нийлүүлдэг. Мөн 50 мкв-ын дулааны коллектор суурилуулсан нь уурхайн ажилчдын байрны дулаан, халуун усны хэрэглээг хангаж байгааг МУИС-ийн Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч бөгөөд Эрдэнэ-Микро сүлжээний судалгаа хөгжүүлэлтийн төвийн захирал Д.Баясгалан нээлтийн үеэр хэлсэн.

Төв аймгийн Эрдэнэ Суманд байгуулсан тус судалгаа хөгжүүлэлтийн төв нь “Баян Могул” ХХК-ийн цагаан тугалганы уурхайг түшиглэсэн байна. Төвийн бүтээн байгуулалтын ажилд МУИС төдийгүй БНСУ-ын Ай-Он Коммуникейшнс, Сехан Энержи, Солтек, Канвоны Үндэсний Их Сургууль зэрэг байгууллагууд болон Баян-Могул ХХК-ийн дэмжлэг үзүүлэн оролцжээ.

Доктор Д.Баясгалан хэлэхдээ, “Энэхүү дэд бүтэц уурхайн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 30-40 хувийг хангана гэж бид тооцоолсон. Өвлийн улиралд уурхай зогсдог учраас үйлдвэрлэсэн эрчим хүчийг Төвийн бүсийн нэгдсэн сүлжээн рүү нийлүүлнэ.

Манай төв МУИС-ийн Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрийн оюутан, суралцагчдад сургалт судалгааны объект болж хэрэглэгдэнэ. Цаашлаад тархмал үүсгүүрийн чиглэлд зэргийн бус сургалтыг манай сургуулиас зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Судалгаа хөгжүүлэлтийн төвд МУИС-ийн багш, суралцагчид төдийгүй, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагын инженер, техникийн ажилтнууд, төрийн албаныхан мэдлэг боловсролоо дээшлүүлэх байдлаар бидэнтэй хамтран ажиллах боломжтой.

Уул уурхай, аж үйлдвэрийн компаниуд сэргээгдэх эрчим хүч ашигласнаар олон улсын зах зээлд бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар дээшилж, хүрээлэн буй орчны нөлөөллийг бууруулах давуу талтай” гэв.

Төвийн нээлтэд оролцсон Эрчим хүчний сайдын зөвлөх Л.Жамбаа “Энэхүү төслийн ач холбогдол нь сүүлийн жилүүдэд манай улс сэргээгдэх эрчим хүчний чадавхыг тогтмол нэмэгдүүлж байна. Энэ удаагийн Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний хосолсон системийг дэмжих бодлогыг илүү өргөн байдлаар авч үзэж байгаа. Үүнийг улс даяар нэвтрүүлэхийн тулд судалгаа шинжилгээнд суурилсан технологи шаардлагатай. Ийм үед МУИС-ийн энэхүү судалгаа хөгжүүлэлтийн төвийн ач холбогдол өндөрсөж байна.

Эрдэнэ сумын цагаан тугалганы уурхайд цахилгаан, дулааны эрчим хүчийг сэргээгдэх эх үүсгүүрээс хэрхэн хангаж байгааг судалснаар алслагдсан бүс нутгуудад сэргээгдэх эрчим хүчний систем суурилуулахад юу дутагдахыг энд туршиж эхэллээ. Иймээс ихээхэн ач холбогдолтой төв гэж харж байна” гэлээ.


– Солонгосын компаниуд бүх зүйлийг угсарч, суурилуулах гэхээс илүүтэй технологи, ноу-хаугаа Монголын сэргээгдэх эрчим хүчний компаниудтай хамтран ажилласнаар хуваалцана–
 

Тус төслийг БНСУ-ын талаас удирдсан Ай-Он Коммуникейшс компанийн Пэк Гён Сеокоос төслийн талаар дараах тодруулгыг авлаа.

Танай компанийн зүгээс төслийн зорилгыг юу гэж тодорхойлсон бэ? Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхэд ямар хүндрэл бэрхшээл гарсан бэ?

Төслийг хэд хэдэн зорилгын хүрээнд хэрэгжүүлсэн. Нэгдүгээрт, бага болон дунд чадалтай цахилгаан эх үүсгүүр Монгол шиг эрс тэс, хүйтэн уур амьсгалтай, салхины төлөв байдал тогтвортой бус орчинд бага чадлын салхин сэнсний үйл ажиллагааг турших байсан. Эрдэнэ-Микро сүлжээний судалгаа хөгжүүлэлтийн төвд суурилуулагдсан технологиуд Зүүн Өмнөд Азийн урин дулаан уур амьсгалтай бүсүүдэд хэрэглээнд нэвтэрсэн, баталгаажсан технологи юм. Монгол шиг өвлийн улиралд –30-аас –40 хэмийн хүйтэнд ямар асуудал гарах вэ, ямар технологийн шаардлагатай вэ гэдгийг судална.

Хоёрдугаарт, бага хэмжээний уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг ордын эрчим хүчийг найдвартай, тогтвортой хангахад зориулагдсан микро сүлжээний цогц удирдлагыг туршина.

Гуравдугаарт, Монголын эрс тэс уур амьсгалаас улбаалаад бид дан ганц цахилгаан үүсгүүрээс гадна нарны системийг ашиглаж дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түүгээрээ уурхайчдын халаалтын болон халуун усны хэрэглээг хангаж, ажиллах орчныг сайжруулахыг зорьсон.

Монголоос гадна Зүүн Өмнөд Азийн орнуудад микрогрид сүлжээний төсөл хөтөлбөрүүдийг БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж байсан. Харин энэ удаад Монголд анх удаа амжилттай нэвтрүүллээ.

Уг төслийг хэрэгжүүлэхэд бидний анх сонгосон уул уурхайн компани үйл ажиллагаагаа зогсоосон учраас шинэ газар олж, тэндээ богино хугацаанд системийг суурилуулах хэрэгтэй болсон. Иймээс шаардлагатай тусгай зөвшөөрөл, бусад бичиг баримтуудыг бүрдүүлэх нь төслийн сорилт байлаа. Ялангуяа төсөлд ажилласан Солонгос талын мэргэжлийн байгууллагууд Монголд шаардлагатай ямар зохицуулалт, ямар үе шатуудыг давах талаар ямар нэг ойлголтгүй байсан.

Байршил солигдсоноос болж бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хугацаа багассан үед МУИС-ийн зүгээс Монголд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэхэд тусалсан. Монголын талаас хариуцсан профессор Д.Баясгалан богино хугацаанд уул уурхайн компанитай хамтран ажиллаж, нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх бичиг баримтыг шат дарааллын дагуу угсралт суурилуулалт хийх газрыг бэлдэж, холбогдох байгууллагуудтай хамтарсны үр дүнд төсөл хугацаандаа амжилттай дууслаа. Үүнд оролцсон МУИС-ийн хамт олонд талархаж байгаа. Бидний зүгээс энэхүү төслийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлсэндээ баяртай байна.

Та бүхний Зүүн Өмнөд Азийн орнуудад хэрэгжүүлсэн төслүүдтэй харьцуулахад энэхүү төслийн эдийн засгийн үр ашиг хэзээ гарах вэ?

Манай тус бүс нутагт хэрэгжүүлсэн төслүүд жижиг арал, эсвэл амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх зориулалттай газрууд байсан. Иймээс Монголтой харьцуулахад хэрэглэгч нь өөр. Тухайлбал, жижиг арлын хувьд манай хэрэгжүүлсэн төсөл цор ганц эрчим хүчний эх үүсгүүр болдог. Бидний Зүүн Өмнөд Азид хэрэгжүүлсэн төслүүд нь техник, технологийн аюулгүй байдлыг баталгаажуулсны дараагаас орон нутгийн компаниудтай хамтарсан төслүүд хэрэгжүүлж эхэлсэн. Зах зээлийн зорилтот хэрэглэгчид өөр гэдгийг онцолж хэлмээр байна.

Цаашид Монголын жижиг уул уурхайн компаниуд бидэнтэй эдийн засгийн хувьд өгөөжтэй, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан сэргээгдэх эрчим хүчний шийдлийг хамтарч хэрэгжүүлэх хүсэлт тавивал Солонгосын талаас техник, технологи нийлүүлэгч компаниуд оролцох боломжтой.

Ийм чиглэлээр Хятадын компаниудаас ялгаатай тал нь Солонгосын компаниуд бүх зүйлийг угсарч, суурилуулах гэхээс илүүтэй технологи, ноу-хаугаа Монголын сэргээгдэх эрчим хүчний компаниудтай хамтран ажилласнаар хуваалцаж, тэднийг илүү чадавхжуулан харилцан ашигтай хамтын ажиллагаа гэж үзэж байна.

Тодруулга өгсөнд баярлалаа.