E-Sight
Инновацлаг шийдлүүдийг тодорхой хугацаанд, хяналттай нөхцөлд туршина

Инновацлаг шийдлүүдийг тодорхой хугацаанд, хяналттай нөхцөлд туршина

“Эрчим хүчний салбарт зохицуулалтын туршилтын орчныг нэвтрүүлэх нь” сэдэвт өндөр түвшний оролцогч талуудын хэлэлцүүлэг (2026.05.19) боллоо. Хэлэлцүүлгийг Азийн Тогтвортой дэд бүтцийн хөтөлбөр (SIPA)-ийн хүрээнд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-тай хамтран, ХБНГУ-ын Засгийн газрын Олон улсын уур амьсгалын санаачилга (IKI)-ын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зохион байгуулав. 

Зохицуулалтын туршилтын орчин бол инновацлаг шийдлүүдийг тодорхой хугацаанд, хяналттай нөхцөлд турших боломж олгодог механизм юм. Энэ нь шинэ технологи, шийдлүүдийг бодитоор туршин, нотолгоонд суурилсан бодлого, аргачлалыг боловсруулахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хэрэглэгч болон нийтийн эрх ашигт нийцсэн тогтолцоог бий болгох боломжийг бүрдүүлдэг байна. 

Хэлэлцүүлгийг нээж Эрчим хүчний сайд Б.Найдалаа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Матилда Димовска, ХБНГУ-ын Элчин сайдын яамны Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Удо Вебер, ЭЗХАХБ-ын Евроазийн салбарын захирал Виллиам Томсон нар үг хэллээ.

Цаг алдахгүй улс төрийн шийдвэр гаргаад хэрэгжүүлэх нь чухал

Эрчим хүчний сайд Б.Найдалаа ”Эрчим хүчний салбарт асуудал олон бий. Гэхдээ асуудал нь тодорхой. Тэгэхээр шийдэл нь ч тодорхой. Мэргэжилтнүүдийн үгийг сонсоод, талуудын оролцоог хангаад цаг алдахгүй улс төрийн шийдвэрээ гаргаад хэрэгжүүлэх нь чухал байна. Зохицуулалтын туршилтын орчин нь шинэлэг технологиудыг турших, Монгол Улсад илүү уян хатан, хэрэглэгч төвтэй, хүртээмжтэй эрчим хүчний тогтолцоог хөгжүүлэхэд чухал хэрэгсэл болж чадна. Үүнтэй холбоотой асуудлыг Эрчим хүчний яам болон миний зүгээс бүхий л талаар дэмжинэ. Богино хугацаанд хамтраад ажил хэрэг болгох шаардлагатай байна”  

Эрчим хүчний салбарт зохицуулалтын туршилтын горимыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Матилда Димовска “Өнөөдрийн уулзалтад олон талууд оролцож байгаа нь гайхалтай. Туршилтын орчныг нэвтрүүлэх талаар олон өнцгөөс ярилцах нь чухал байна. Эрчим хүчний шилжилт бол зөвхөн техникийн асуудал бус эдийн засаг, нийгмийн асуудал юм. Монгол Улсын Засгийн газар амбицтайгаар эрчим хүчний салбараа хурдтай шинэчилж байна. Эрчим хүчний салбарт чиглэн гаргаж буй тогтоолууд нь Засгийн газар зоригтой байгааг илэрхийлж байна. Дэд бүтэц хуучирсан, эх үүсвэрийн дутагдал, нүүрснээс хамааралтай байдал, өвлийн агаарын бохирдол гээд сорилтууд нь маш том. Тиймээс Эрчим хүчний салбарт зохицуулалтын туршилтын горимыг хэрэгжүүлэх чухал гэж үзэж байна. Энэ нь бодлогын орчинд турших боломж олгож байгаа. Гэхдээ бусад асуудлыг мартаж болохгүй. Монголын нөхцөлд хөрсөндөө буусан шийдэл гаргах чухал байна” 

Монгол Улсын эрчим хүчний шилжилтийг ХБНГУ тууштай дэмжиж байна

ХБНГУ-ын Элчин сайдын яамны Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Удо Вебер ”Шинэ бодлогын баримт бичиг, институцийн шинэчлэлүүдийн үр дүнд Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн үйл явц улам эрчимтэй урагшилж байна. ХБНГУ-ын Засгийн газар Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, урт хугацааны бодлогын төлөвлөлтийг бэхжүүлэх зэрэг эрчим хүчний шилжилтийн бодит бөгөөд хүртээмжтэй арга хэмжээнүүдийг тууштай дэмжиж байна. Эрчим хүчний шилжилт гэдэг нь зөвхөн шинэ технологи, дэд бүтцийн асуудал биш. Эрчим хүчний хүртээмж, иргэдийн амьжиргаа, нийгмийн оролцоо, ажиллах хүчний шилжилт, эмзэг бүлгийг хамгаалах зэрэг өргөн хүрээний асуудлыг хамардаг. Иймээс эдгээр зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд, зохицуулагчид, хөгжлийн түншүүд, хувийн хэвшил болон орон нутгийн хамтын ажиллагаа онцгой чухал юм” 

Зоригтойгоор хувийн хэвшлийг түлхүү оруулж ирэхийг зорих хэрэгтэй

ЭЗХАХБ-ын Евроазийн салбарын захирал Виллиам Томсон “Дэд бүтцийн салбаруудын ногоон шилжилтийг хурдлуулахад туршилтын зохицуулалт чухал юм. Тиймээс шинийг туршаад инновацийг түүчээлэх шаардлагатай. Эрчим хүчний салбарт төр голлодог байсан бол одоо хувийн хэвшлийг чухалчилж байна. Зохицуулалтыг өөрчлөхөөр ил тод байдал, маргаан шийдвэрлэх асуудлаас эхлээд “соёлын орчин” ч өөрчлөгддөг. Туршилтын эхэнд аль хувьсагчид анхаарахаа мэдэхгүй байх талтай. Гэхдээ давтаад, дараа нь илүү сайжруулаад явах боломжтой. Тиймээс зоригтойгоор хувийн хэвшлийг түлхүү оруулж ирэхийг зорих хэрэгтэй гэж харж байна”  

Өндөр түвшний оролцогч талууд Монгол Улсын эрчим хүчний шилжилт болон тогтвортой дэд бүтцийн хөгжлийг дэмжих уян хатан, инновацид ээлтэй зохицуулалтын талаар хэлэлцлээ. Түүнчлэн цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлов. Мөн хэлэлцүүлгээр SIPA хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан “Монгол Улсын эрчим хүчний салбарт зохицуулалтын туршилтын орчны тогтолцоог бий болгох нь” сэдэвт судалгааны үр дүнг танилцуулсан юм. Уг судалгаанд олон улсын туршлагыг харьцуулан шинжилж, Монгол Улсын өнөөгийн хууль эрх зүйн зохицуулалтын орчныг үнэлэн, инновацлаг эрчим хүчний шийдлүүдийг турших боломжит арга, хандлагуудыг санал болгожээ.  

Арга хэмжээнд төрийн байгууллагууд, хөгжлийн түншүүд, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид, эрдэм шинжилгээний байгууллагууд болон хувийн хэвшлүүдийн төлөөлөл оролцлоо.