E-Sight
“Байдрагийн усан цахилгаан станц төсөл”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

“Байдрагийн усан цахилгаан станц төсөл”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

Э.Оджаргал
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр (2026.05.20) шийдвэрлэлээ.Тус шийдвэрийн талаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Төсөл нь төвийн бүсийн эрчим хүчний системийн оргил ачааллын үед нэгдсэн сүлжээний горим тохируулгад оролцох, импортын эрчим хүчийг орлох, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх, усны нөөц сан бүрдүүлэх ач холбогдолтой”-г онцлов.

Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Бууцагаан суманд Байдрагийн 30 МВт хүчин чадалтай усан цахилгаан станц байгуулахаар төлөвлөжээ.  Төслийг “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Хангайн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын 2025 оны 181 дүгээр тогтоолд тусгасан.

Эрчим хүчний яам 2025 онд төслийг санаачилж, Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасны дагуу урьдчилсан үнэлгээ болон бүрэн шинжилгээ хийжээ. Судалгааны дүнд төслийг эдийн засгийн үр өгөөжтэй, нийгмийн ач холбогдолтой бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ. Төслийг байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх, зураг төсөл боловсруулах, барьж байгуулах, ашиглах, төрд шилжүүлэх хэлбэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү төслийн нийт хөрөнгө оруулалт 53.3 сая ам.доллар, барилга угсралтын ажил 53 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд УЦС-аас жилд 58.9 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэнэ гэж тооцжээ.  

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Байдрагийн 30 МВт хүчин чадалтай усан цахилгаан станц байгуулах төслийг эдийн засгийн үр ашигтай гэж үзэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж буйг сайд Ж.Энхбаяр тодотгов. Монгол Улсын Ерөнхий сайд “Усан цахилгаан станц ашиглалтад орсноор хүлэмжийн хийн ялгарал буурч, эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нэмэгдэхээс гадна Говийн бүсэд усан сан бий болох ач холбогдолтой” гэдгийг онцолсон байна.