Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний төслүүдээ аукционоор хэрэгжүүлэх гэж байна. Эрчим хүчний яам, Азийн хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпорацын дэмжлэгтэйгээр нийт 11 байршилд батарей хуримтлууртай нар, салхин цахилгаан станцын төслүүдийг төлөвлөсөн. Эдгээрт нийт 187.5 МВт/630 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуур бүхий 330 МВт хүчин чадалтай 10 нарны цахилгаан станц болон 100 МВт хүчин чадалтай салхин цахилгаан станцын төсөл багтаж байна.
Аукционоор хэрэгжих анхны 5 төслийн сэргээгдэх эрчим хүчний Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч (IPP)-ийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдөр сонгоно. Хамгийн бага үнээр өрсөлдөх энэ өрсөлдөөнт сонгон шалгаруулалт Монгол Улсын эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний анхны аукцион тодотголтой тэмдэглэгдэн үлдэх юм.
Сэргээгдэх эрчим хүчний аукцион амжилттай хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад ямар үр дүн авч ирэх вэ?
Хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үнэ өрсөлдөөний зарчмаар тогтох, бүтээн байгуулалтын явцад ажлын байр бий болох нөхцөл бүрдэнэ.
Эрчим хүчний шинэ эх үүсвэрийн хүчин чадал нэмэгдэж, цахилгаан эрчим хүчний спот зах зээлийг хөгжүүлэх суурь тавигдана. Хангалттай олон эх үүсвэр бий болж өрсөлдөх нөхцөл бүрдвэл урт хугацаанд үнэ тогтворжих, зардал буурах, тарифын өсөлтийн дарамт багасах боломж бүрдэнэ.
Бүс нутгийн эрчим хүчний хангамж сайжирснаар иргэд, аж ахуйн нэгжийн цахилгаан хангамжийн найдвартай байдал нэмэгдэж, үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа тогтвортой явагдах нөхцөл бүрдэнэ.
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болон батарей хуримтлуурын системийг хослуулан ашигласнаар хүчдэл, давтамжийн хэлбэлзэл буурч, дамжуулах, түгээх сүлжээний ачаалал жигдэрч, сүлжээний найдвартай, тогтвортой ажиллагаа сайжирна.
Оргил ачааллын үеийн чадлын дутагдал буурч, хэрэглэгчдийн цахилгаан хязгаарлалтыг багасгана. Батарей хуримтлуурын системийн тусламжтайгаар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хуримтлуулан оргил ачааллын үед нийлүүлэх боломж бүрдэнэ.
Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг илүү үр ашигтай ашиглах нөхцөл бүрдэж, системд шинээр суурилагдах эх үүсвэр, хуримтлуурын хүчин чадал нэмэгдэнэ.
