E-Sight
COP 17: Монгол Улс эрчим хүчний шилжилтийн стратегиа танилцуулна

COP 17: Монгол Улс эрчим хүчний шилжилтийн стратегиа танилцуулна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP 17) ирэх наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар болсон билээ. Энэхүү хуралд дэлхийн 190 гаруй орны төлөөлөгчид оролцож, цөлжилтийн эсрэг хамтдаа нэгдэнэ. 

Дэлхий дахинаа цөлжилттэй тэмцэж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахын тулд ногоон шилжилтийг эрчимжүүлж байгаа юм. Энэхүү ногоон шилжилтийн гол цөм нь сэргээгдэх эрчим хүч билээ. Тиймээс ч СOP 17-д Монгол Улс “Эрчим хүчний шилжилтийн стратеги”-аа танилцуулахаар болжээ. Үүнд сэргээгдэх эх үүсвэр, Устөрөгчийн стратеги багтсан байна. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ түншлэл бий болгох зэрэг өргөн боломжуудыг нээх юм. 

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн (2026.05.21) барьсан. НҮБ-ын талуудын бага хурал COP 17-г Монгол Улс зохион байгуулахтай холбогдуулан цөлжилттэй тэмцэх, ногоон бодлогыг амьдралд ойртуулахын тулд тус хуулийн төслийг боловсруулжээ. 

COP 17 хурлаас гарсан баримт бичиг нь цөлжилтийн эсрэг ирэх хоёр жилийн замын зураглал болдог. Өөрөөр бол талууд хурлаас гарсан зөвлөмж, бодлогын баримт бичгүүдийн дагуу дотоодын бодлогоо тодорхойлох бөгөөд НҮБ-ын байгууллагууд санхүү, арга зүйгээр дэмжиж тусалдаг байна. 

Түүнчлэн манай улсын нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь цөлжилтөд өртсөн бөгөөд гангийн эрсдэл жилээс жилд нэмэгдсээр байгаа юм. Иймд COP 17 Улаанбаатар хотноо зохион байгуулагдсанаар Монгол Улсад тулгамдаж буй асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэх боломжийг бүрдүүлэх юм. 

COP хурлыг НҮБ-ын гишүүн орнуудын бүс бүрд ээлжлэн зохион байгуулдаг. 2022 онд болсон COP 15 хурлын үеэр Монгол Улс албан ёсоор хурлыг зохион байгуулах санал дэвшүүлж, оролцогч улсууд 100 хувийн саналтайгаар дэмжсэн. Ингээд COP 17-г Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм байна.  

Мэдээг бэлтгэсэн: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн I дамжааны оюутан Г.Маргад