E-Sight
Өнөөдөр зөвшилцөлд хүрч чадахгүй бол маргааш эрчим хүчний салбарынхан ажил хаяна

Өнөөдөр зөвшилцөлд хүрч чадахгүй бол маргааш эрчим хүчний салбарынхан ажил хаяна

Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн бага хурал хийж, маргааш буюу зургаадугаар сарын 30-ны 08:00 цагаас эхлэн улс орон даяар ажил хаяна гэдгийг (2026.06.29)  мэдэгдэв. Салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлаар төр болон ажил олгогч талтай зөвшилцөлд хүрч чадаагүй тул ийнхүү ажил хаялт зохион байгуулах нөхцөлд хүрсэн гэдгийг онцоллоо.

Хэрэв талууд өнөөдөр буюу 2026.06.29-ний  даваа  гаригт зөвшилцөлд хүрч чадвал ажил хаялт зохион байгуулахгүй, харин ямар нэг шийдэлд хүрэхгүй бол салбарын 22 байгууллагын ажилтнууд оролцохоор бэлтгэлээ хангасныг мэдэгдэлдээ дурдаж байна. Харин цахилгаан, дулааны хэвийн ажиллагааг алдагдуулахгүйн үүднээс шуурхай ажиллагааны хэсгийн ажилтнуудыг ажил хаялтад хамруулахгүй аж.   

Тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж “Энэ тэмцэл одоогийн Засгийн газар байгуулагдахаас өмнө эхэлсэн. Бид хэдэн сарын турш хэлэлцээ хийхийг хүлээсэн ч бодитой шийдвэр гараагүй учраас ажил хаях нөхцөл бүрдсэн” хэмээн мэдэгдэв. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зүгээс ажилтнуудын цалинг 30 хувь болон түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлэх, мөн үе шаттайгаар нэмэх тодорхой төлөвлөгөө боловсруулах санал тавьсан. Түүнчлэн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, орон нутгийн нэмэгдэл, ажилтнуудын нийгмийн баталгаа зэрэг нийт 12 асуудлыг хэлэлцээрт тусгасан байна.   

Тэгвэл Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн зүгээс салбарын албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэх, харин захиргаа, удирдлагын ажилтнуудын цалинг одоогоор нэмэгдүүлэх боломжгүй гэсэн санал гаргажээ. Гэвч уг саналыг өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалтай харьцуулахад хангалтгүй гэж Үйлдвэрчний эвлэл үзсэн байна. Тодруулбал, инфляц хоёр оронтой тоонд хүрч, төгрөгийн худалдан авах чадвар буурсан энэ үед 10 хувийн нэмэгдэл нь ажилтнуудын бодит орлогод нийцэхгүй хэмээн тайлбарлажээ.  

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир “Дулааны цахилгаан станц-3 ТӨХК-д  нийт 870 гаруй ажилтан хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байна. Ийм хөдөлмөрийн нөхцөлд тохирсон цалин авч чаддаггүй. Ирэх өвлийн оргил ачааллыг давахын тулд ажилчид өдөр, шөнөгүй ажиллаж, тоног төхөөрөмжөө ашиглалтад оруулахын төлөө ажиллаж байна. Ард иргэдийг цахилгаан, дулаанаар тасалдуулахгүй байх үүрэгтэй учраас өвлийн оргил ачааллын үед ажил хаялт хийх асуудлыг хэзээ ч хөндөж байгаагүй. Харин ачаалал харьцангуй буурсан энэ үед ажил хаялтад нэгдэхээ албан ёсоор мэдэгдэж байна. Энэ салбарыг авч явдаг гол хүч нь хүн. Хүнээ дэмжихгүйгээр, аюулгүй орчин нөхцөлөөр хангахгүйгээр, хөдөлмөрийг нь бодитоор үнэлэхгүйгээр эрчим хүчний салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах боломжгүй. Бид өмнөх Засгийн газрын үеэс эхлэн шаардлага хүргүүлж, жагсаал цуглаан зохион байгуулж, асуудлаа шийдвэрлүүлэхийн төлөө бүхий л боломжит арга хэмжээг авсан. Өнөөдөр ажил хаялт хийх нь бидний хувьд хамгийн эцсийн сонголт болоод байна” гэсэн байр суурийг илэрхийлжээ.   

Үйлдвэрчний эвлэлийн холбоо ажил хаялтыг хуульд заасан бүх шаардлагыг ханган, өндөр зохион байгуулалттайгаар явуулах бөгөөд ажил хаялт нь гол зорилго биш, харин салбарын ажилтнуудын дуу хоолойг төр, шийдвэр гаргагчдад хүргэх хамгийн сүүлчийн арга хэмжээ гэдгийг тодотгосон. 

Мэдээг бэлтгэсэн: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн I дамжааны оюутан Г.Маргад