Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭХГУУҮЭХ)-ноос өнгөрсөн оны аравдугаар сард эрчим хүчний салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газар, ЭХЯ-нд хүргүүлсэн. Эл шаардлагад ажилчдын цалин хөлсийг 30 хувиар нэмэгдүүлэх санал гаргасан байна. Ингээд 2026 оны нэгдүгээр сард талууд хамтын хэлэлцээ хийсэн ч тохиролцоонд хүрч чадаагүй юм.
Үүнээс хойш гурван сарын хугацаа өнгөрсөн хэдий ч ахиц гараагүй тул мөн оны дөрөвдүгээр сард Сүхбаатарын талбайд салбарын ажилчид тайван жагсаал хийсэн билээ. Гэсэн ч жагсаал мөн л үр дүнд хүрээгүй тул нөхцөл байдал хурцдаж, тэмцлийн эцсийн шатанд шилжсэн юм. Тодруулбал, Үйлдвэрчний эвлэлээс салбарын ажилчид зургаадугаар сарын 30-наас эхэлж ажил хаяна гэдгийг мэдэгдээд байв.
Харин энэхүү мэдэгдлийн дараагаар ЭХЯ-наас хэлэлцээ хийх санал тавьж, талууд цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тохиролцоонд хүрч чадсан юм. Ингээд МЭХГУУҮЭХ-ноос ажил хаялтыг зогсоож байгаагаа олон нийтэд (2026.07.01) мэдээллээ.
Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа, “Нэн түрүүнд компаниудын үр ашиггүй зардлыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон ажил хийх хэрэгтэй. Энэ ажлыг ч эхлүүлээд явж байна. Салбарын 17,800 ажилтны хөдөлмөрийн үнэлэмж шударга байх ёстой. Цалинг шатлалтай нэмэх, шударга тогтолцоо бүрдүүлэх нь яам болон компаниудын бодлого мөн. Үйлдвэрчний эвлэлийн холбоодтой байнга уулзаж, саналыг нь сонссоор ирсэн. Өнөөдрөөс буюу долоодугаар сарын 1-нээс эхлэн 10 хувиар гэх мэт үе шаттайгаар нэмэгдүүлэх боломж, шийдлээ ярилцаж, тохиролцоонд хүрлээ” гэсэн юм.
Ингээд үйл явдлыг он цагийн дарааллаар хүргэе.
2025.10 сар | Цалин нэмэх шаардлагыг хүргүүлэв
Эрчим хүчний салбарын үйлдвэрчний эвлэлүүд инфляц, амьжиргааны өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор цалин нэмэгдүүлэх шаардлагыг анх удаа албан ёсоор тавьж, Засгийн газар болон салбарын удирдлагуудад хүргүүлэв.
2025.11 сар | Хэлэлцээ хийх бэлтгэл эхлэв
Ажил олгогч талтай хамтын хэлэлцээ хийх бэлтгэл эхэлж, 2026-2027 онд цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөв.
2026.01.08 | Хамтын хэлэлцээ албан ёсоор эхэллээ
Талууд эрчим хүчний салбарын хамтын хэлэлцээг эхлүүлсэн ч цалин нэмэгдүүлэх асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй байна.
2026.04.16 | Салбарын ажилтнууд жагсав
Сүхбаатарын талбайд эрчим хүчний салбарын 20 орчим байгууллагын 300 гаруй ажилчид цалин нэмэхийг шаардаж, тайван жагсаал хийв.
2026.06.29 | Эрчим хүчний сайд ажилчдын цалинг 30%-иар нэмэх боломжгүй гэв
Эрчим хүчний сайд Б. Найдалаагийн зүгээс салбарын албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэх, харин захиргаа удирдлагын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх боломжгүй гэх саналыг гаргажээ.
2026.06.29 | Үйлдвэрчний эвлэлээс ажил хаялт зарлахыг мэдэгдэв
Үйлдвэрчний эвлэлийн зүгээс ЭХЯ-ны гаргасан саналыг өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалтай харьцуулахад хангалтгүй гэж үзэв. Ийнхүү талууд тохиролцоонд хүрч чадаагүй тул Үйлдвэрчний эвлэлээс 2026 оны зургаадугаар сарын 30-наас ажил хаялт зарлахаа мэдэгдэв.
2026.06.30 | Ажил хаялтыг 48 цаг хойшлуулав
Эрчим хүчний яамнаас хэлэлцээ хийх санал тавьснаар ажил хаялтыг долоодугаар сарын 2-ны өглөөний 08:00 цаг хүртэл хойшлуулахаар болов.
2026.07.01 | Ажил хаялтыг зогсоохоор болсныг мэдэгдлээ
Үйлдвэрчний эвлэл ЭХЯ болон ажил олгогч талтай цалин нэмэгдүүлэх асуудлаар тохиролцоонд хүрч, ажилчдын цалинг 2026-2027 онд үе шаттайгаар 30 хувь хүртэл нэмэгдүүлэхээр болов. Иймд ажил хаялт зарлахаа зогсоосныг Үйлдвэрчний эвлэлээс мэдэгдсэн юм.
Мэдээг бэлтгэсэн: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн I дамжааны оюутан Г.Маргад
