E-Sight
Эрчим хүчний импортын нэг улсын хамаарлыг бууруулна

Эрчим хүчний импортын нэг улсын хамаарлыг бууруулна

“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалтаар баригдсан 220 кВ “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийг албан ёсоор ашиглалтад оруулах нээлтийн ёслол өнөөдөр (2026.08.03) боллоо. Энэхүү 220 кВ-ын зургаан оруулгатай, 3 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын хамт баригдсан иж бүрэн байгууламжийг ажиллагаанд залгаснаар өвлийн оргил ачааллын үед Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-оос эрчим хүч импортлох техникийн нөхцөл бүрдэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” болон “Диспетчерийн зохицуулалтын гэрээ”-нүүдийг үзэглэсэн (2025.12.16) билээ.

“Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийг үндэсний 20 гаруй компани, 2000 гаруй инженер, техникийн ажилтан нийт 600,000 хүн/цагийн хөдөлмөрөөр осол, гэмтэлгүйгээр бүтээн байгуулжээ. Нээлтийн ёслолд Эрчим хүчний сайд Б.Найдалаа, “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Амарсанаа, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу нарын зочид төлөөлөгчид оролцлоо. 

Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Энэхүү ил хуваарилах байгууламж олон ач холбогдолтой. Юун түрүүнд өвөлжилтийн бэлтгэл болгоод 80 МВт чадлыг өмнөд хөршөөс импортлох боломж бүрдэж байна. Хоёрдугаарт, өмнийн говийн нийт эрчим хүчний хэрэглээг найдвартай болгох, цаашдаа хөгжлийнх нь зөв суурийг тавих, уул уурхайн олон олон төслийг хэрэгжүүлэхэд ач холбогдолтой бүтээн байгуулалт болж байна. Гуравдугаарт, Монгол Улс болон БНХАУ анх удаа эрчим хүчний сүлжээгээр холбогдлоо.” хэмээн тодотгосон юм. 

Тэгвэл “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Энэ бүтээн байгуулалт аюулгүй, амжилттай хэрэгжсэнд баяртай байна. Энэхүү бүтээн байгуулалтыг санхүүжүүлсэн нь манай Төлөөлөн удирдах зөвлөл болон хувь нийлүүлэгчдийн тууштай дэмжлэгийн үр дүн юм. “Оюу толгой” компани Монгол Улсад зөвхөн эдийн засгийн үр өгөөж бий болгохоос гадна эрчим хүч, дэд бүтэц, зам тээвэр, хүний нөөцийн хөгжил зэрэг олон чиглэлээр бодит хувь нэмэр оруулах ёстой гэж бид үздэг. Иймээс энэхүү байгууламжийг бүтээн байгуулах ажилд манлайлан оролцож, хамтран ажилласандаа баяртай байна” гэдгээ илэрхийллээ. 

“Зэс-Оюу” ил хуваарилах байгууламж ӨМӨЗО-ны эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллах гүүр болно 

Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд энергиэр 6-8 хувь, чадлаар 10 орчим хувийн өсөлттэй байдаг. Өнгөрөгч 2025 оны өвлийн оргил ачаалал 1803.2 МВт хүрсэн бөгөөд 2026 оны өвлийн оргил ачаалал мөн л дээрх хувиар өснө. Тиймээс оргил ачааллын энэ үеэр “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийн тусламжтайгаар Өмнөд бүсийн нэгдсэн сүлжээний 80 МВт хүртэлх чадлыг импортоор хангах юм. 

Ингэснээр Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд очих ачаалал буурах, цахилгаан хязгаарлалт багасах, сүлжээний найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг ихээхэн ач холбогдолтой. Тухайлбал, “Зэс-Оюу” байгууламжаар дамжуулан импортлох чадал нь нийслэлийн Чингэлтэй, Налайх дүүргийн нийт цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийг хангах хэмжээний чадал юм. 

Ийн ашиглалтад орж буй Оюу толгой уурхайн цогцолборт баригдсан “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламж нь тус уурхайн цахилгаан хангамжийг ирээдүйд дотоодын эх үүсвэрээр хангах талаар Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэх ажлыг нэг алхам урагшлууллаа.

Түүнчлэн 2022 онд Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюу толгой уурхайг эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан. Үүний дараагаар, 2023 оны тавдугаар сард Эрчим хүчний яамны зүгээс  “Оюу толгой” компанид ил хуваарилах байгууламжийн төслийг санхүүжүүлэх хүсэлт тавьснаар барилга угсралтын ажил 2024 онд эхэлжээ. 

“Зэс-Оюу” станцыг ашиглалтад оруулж, Монгол Улс болон ӨМӨЗО-ны эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллах техникийн нөхцөл бүрдэж байна. 

Монгол Улсын эрчим хүчний систем 1976 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 21:30 цагт ОХУ-ын эрчим хүчний системтэй холбогдон 50 орчим жилийн хугацаанд зэрэгцээ ажилласны дараа ӨМӨЗО-ны эрчим хүчний системтэй техникийн хувьд холбогдож, хоёр хөрштэйгээ эрчим хүчний хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэх боломжийг бүрдүүлж байна.

“Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийн бүтээн байгуулалт, техникийн ач холбогдол болон эрчим хүчний системд үзүүлэх нөлөөллийн талаарх дэлгэрэнгүй сурвалжилгыг "Энержи Инсайт" сэтгүүлийн наймдугаар сарын дугаараас хүлээн авч уншаарай.