E-Sight
Эрчим хүчний салбарт 17.9 мянган хүн ажиллаж байна

Эрчим хүчний салбарт 17.9 мянган хүн ажиллаж байна

Монгол Улсын эрчим хүчний салбарт 2025 оны байдлаар нийт 17,976 хүн ажиллаж байна. Тэдний 72.3 хувь нь эрэгтэй, 4,981 буюу 27.7 хувь нь эмэгтэй ажилтан юм. Насны бүтцээр авч үзвэл 36-45 насныхан хамгийн өндөр буюу 34.7 хувийг эзэлж байгаа бол нийт ажилтны 8,952 нь дээд боловсролтой байна. 

Салбарын хүний нөөцийн гол цөмийг инженер, техникийн ажилтнууд бүрдүүлдэг. Нийт ажиллагсдын 25.8 хувь буюу 4,644 нь инженерүүд бөгөөд тэдний 26.1 хувь эмэгтэй инженерүүд байна. Эдгээр мянга мянган инженер, техникийн ажилтан, мэргэжилтнүүдийн ур чадвар, хариуцлагатай хөдөлмөр дээр улс орны эрчим хүчний системийн найдвартай үйл ажиллагаа тогтож байдаг.  

Тиймээс эрчим хүчний салбарын мэргэжлийн баяр нь нэг өдрийн тэмдэглэлт үйл явдал бус, улс орныхоо гал голомтыг гэрэл гэгээ, илч дулаанаар тасралтгүй хангаж ирсэн үе үеийн инженер, техникийн ажилтан, мэргэжилтнүүдийн хөдөлмөр зүтгэлийг хүндэтгэдэг өдөр юм. 

Монгол Улсад “Эрчим хүчний ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх уламжлал 2004 оноос эхтэй. Тухайн онд Засгийн газрын 163 дугаар тогтоолоор жил бүрийн наймдугаар сарын гурав дахь ням гарагийг “Эрчим хүчний ажилтны өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтоосноор салбарынхан мэргэжлийн баяраа 22 дахь жилдээ тэмдэглэж байна. 

Энэ өдөр нийгэм, эдийн засгийн хэвийн үйл ажиллагааны үндэс болсон эрчим хүчний тасралтгүй, найдвартай хангамжийг бүрдүүлэхийн төлөө хөдөлмөрлөж ирсэн инженер, техникийн ажилтан, эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийн хувь нэмрийг онцлон алдаршуулдаг уламжлалтай.    

Монголын эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтан, ажиллагсад, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд болон энэ салбараар овоглодог нийт хүмүүстээ “Эрчим хүчний ажилтны өдөр”-ийн мэндийг дэвшүүлье! Улс орондоо илч, гэрэл түгээх хариуцлагатай, нэр хүндтэй үйлсэд нь өрнүүн их амжилтыг хүсэн ерөөе!