Монгол Улсын далбаа НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын талбайд мандлаа.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал албан ёсоор Улаанбаатар хотод өнөөдөр (2026.08.17) эхэллээ. Тус хуралд 197 улсын Засгийн газар, эрдэмтэн судлаач, хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийн 20 мянга орчим төлөөлөл оролцож байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бага хурлын нээлтийн илтгэлийг тавьсан. Тэрбээр хэлэхдээ, Уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуулийг батлуулж, эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлж, далайд гарцгүй Монгол Улсын хувьд ногоон шилжилт нь эдийн засгийн суурь асуудал болох түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах гарц болохыг мэдэгдсэн юм.
Мөн энэ үеэр Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчны дэд сайд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын КОП16-ийн Ерөнхийлөгчийн зөвлөх Осама Факеха гол илтгэлийг танилцууллаа. Тус улс өмнөх Талуудын бага хурлыг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр газрын доройтол, ган, ус, хүнсний аюулгүй байдал, биологийн олон талт байдал болон олон улс 2030 он гэхэд байгаль орчны хамгаалах чиглэлд ямар түвшинд хүрэх, мөн тогтвортой хөгжлийн зорилтод хэр хэмжээнд очих вэ гэдгийг хэлэлцсэн түүхэн хэмжээний уулзалт болсон. Энэ үеэр Саудын Араб болон бусад оролцогч талын дэмжлэгээр 12 тэрбум ам.долларын санхүүжилтийн амлалтыг цуглуулсан гэдгийг тэрбээр онцоллоо.
Түүнчлэн Гадаад харилцааны сайд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын КОП17-ийн Ерөнхийлөгч Б.Батцэцэг “Цөлжилт, газрын доройтол, гангийн үр дагавар бидний хувьд холын сураг бус, амьдралд бодитоор тулгарч буй асуудал, сорилт билээ. Өнөөдөр төр засаг, олон улсын байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшил, залуучууд, нутгийн иргэд, малчид зэрэг олон талын төлөөлөл нэг дор хуран цугласныг харахад нэн урамтай байна.
Миний бие энэ чуулганы "Ерөнхийлөгч" гэдэг эрхэм үүргийн дагуу хүндэтгэл, гүн хариуцлагатай хүлээн авч, бүх талуудад тэгш хандаж, тэдний нийтлэг эрх ашгийн төлөө ажиллахыг гүнээ ухамсарлаж байна” гэлээ.
Хурлын нээлтийн илтгэлтэй зэрэгцэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолын талбайд 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх боломжтой “Ногоон өртөө”-г нээсэн байна. Энэхүү ажил ойрын хугацаанд 36 ногоон өртөөгөөр өргөжих бөгөөд цаашид 500 цэнэглэгчтэй үндэсний сүлжээ байгуулахаар болсныг Ерөнхий сайд Н.Учрал мэдээллээ.
КОП17 бага хурал “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриа дор явагдаж, газрын доройтол, цөлжилт, ган гачиг, ус болон хүнсний аюулгүй байдлын бодит хэрэгжилт, санхүүжилтийн механизм гэсэн өргөн хүрээний асуудлыг хэлэлцэх юм.
Наймдугаар сарын 28-ныг дуустал Улаанбаатар хотноо үргэлжлэх тус хурлын үр дүнгийн мэдээллийг өдөр бүрийн 13:00 цагт хэвлэлийн хурлаар дамжуулан олон нийтэд хүргэхээр төлөвлөжээ.
