E-Sight
ЧД-ийн 61-р сургууль сэргээгдэх эрчим хүч рүү шилжиж, агаарын бохирдол үүсгэгчийг нэгээр цөөллөө

ЧД-ийн 61-р сургууль сэргээгдэх эрчим хүч рүү шилжиж, агаарын бохирдол үүсгэгчийг нэгээр цөөллөө

Нийслэлийн гэр хорооллыг тойрсон асуудал зөвхөн утаа биш. Эрчим хүч, дэд бүтцийн хүртээмжгүй байдлаас үүсэх олон асуудал нэг дор зангилагддаг. Тэгвэл Чингэлтэй дүүрэг дэд бүтцэд холбогдоогүй айл өрх, сургууль цэцэрлэгийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх замаар ногоон амьдрах орчныг бий болгохоор зорьж байна.

Үүний нэг бодит жишээ нь Австралийн Засгийн газар болон бусад оролцогч байгууллагуудын дэмжлэгээр Ерөнхий боловсролын 61-р сургуульд хэрэгжүүлж буй “Нартай сургууль” төсөл юм. Төслийн хүрээнд 40 кВт-ын нарны цахилгаан үүсгүүр, 20 кВт.цагийн багтаамжтай батарей хосолсон систем суурилуулжээ. Ингэснээр 61-р сургууль нь дүүргийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчийг сургалтын байгууллагад нэвтрүүлсэн гурав дахь жишиг сургууль болж байна.

Энэхүү цогц систем нь тус сургуулийн цахилгааны зардлыг жилд ойролцоогоор 17-18 сая төгрөгөөр хэмнэж, 65 тонн CO₂-ийн ялгарлыг багасгах тооцоолол гарчээ. Түүнчлэн төвийн эрчим хүчний ачааллыг бууруулахын зэрэгцээ, илүүдэл эрчим хүчээ түгээх сүлжээнд нийлүүлж нэмэлт орлого олох боломж бүрдэж байгаа юм.

Энэ өөрчлөлтийг зөвхөн зардал хэмнэх шийдэл гэж харахгүй байгаагаа сургуулийн удирдлагууд онцолж байлаа. Ерөнхий боловсролын 61-р сургуулийн Захирал Д.Нарантөгс, “Манай сургууль сэргээгдэх эрчим хүч рүү шилжсэнээр агаарын бохирдол үүсгэгч эх үүсвэрийн тоог нэгээр цөөллөө. Үүнийг дагаад сурагчид эрүүл, аюулгүй орчинд суралцах боломж хангагдах юм. Цаашлаад бидэнд өгөх өгөөж ч өндөр гэж харч байгаа. Сургуулийн багш нар, нийгмийн ажилтнаар дамжуулан цэвэр эрчим хүчний талаарх ойлголтыг  сурагчдадаа өгч, байгальд ээлтэй иргэнийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулна” гэдгээ хэллээ.

Тус сургууль хүйтний улиралд цахилгаан, дулааны зардалд 13-15 сая төгрөг зарцуулдаг байжээ. Гэвч энэ бол ганцхан сургуулийн асуудал биш. Яг энэ сургууль шиг гэр хорооллын бүсэд оршдог олон төрийн өмчит сургууль, цэцэрлэг Чингэлтэй дүүрэгт бий. Эдгээрийн цахилгаан, дулааны ашиглалтын зардалд жилд 8-9 тэрбум төгрөгийг зарцуулдаг. Тиймээс энэхүү туршлагыг цаашид олон сургуульд нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага байгааг үүнээс тодхон харж болохоор байна.

“Нартай сургууль” төслийг Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг Women’s Leadership Program (WLP)-ийн хөтөлбөрт оролцогч Д.Одонтунгалаг, Ж.Энхзул, Д.Оюундарь, Г.Энхтуул, Д.Мэндбаяр нар санаачилсан бөгөөд төслийн санхүүжилтэд Чингэлтэй дүүрэг, Австралийн Элчин сайдын яам, Азийн сан, Зориг сан, “Энх Орчлон Хөгжил” ТББ хамтран оролцжээ.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд анх 49-р сургуулийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлсэн байна. Ингэхдээ тус сургуулийн бодит хэрэглээ, үйлдвэрлэл, хэмнэлтийн мэдээллийг цуглуулж, дараагийн сургуулиудад сэргээгдэх эрчим хүчний систем нэвтрүүлэхэд ямар шийдэл хамгийн тохиромжтойг тодорхойлох өгөгдөл болгон ашиглажээ. Төслийн үр дүн сайн гарсан нь дараагийн сургуулиудад сэргээгдэх эрчим хүчний систем нэвтрүүлэх үндэс болсон талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул ярилаа.

Тэрбээр, “Бид зөвхөн айл өрхөөр хязгаарлагдахгүй улсын сургуулиуддаа ногоон шилжилт хийх ажлыг амжилттай эхлүүлээд байна. Өнгөрсөн 2025 оны арванхоёрдугаар сард дүүргийнхээ 49-р сургуульд нарны панель суурилуулсан. Эд хүйтний улиралд асуудалгүй ажиллаж, сайн үр дүн үзүүлсэн. Мөн ойрын таван жилдээ хөрөнгө оруулалтаа нөхчихөөр үр дүн харагдсан.

49 дүгээр сургуулийн үр дүн, үзүүлж буй нөлөөллөөс шалтгаалан Чингэлтэй дүүрэг улсын өмчит сургуулиудаа сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх боломж байна гэж харсан. Энэ цаг үетэй давхцан Австралид төгсөгчдийн санал болгосон Нартай сургууль төслийг 61 дүгээр сургууль дээр хэрэгжүүллээ. Мөн бид НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 57-р сургуульд ижил төрлийн төслийг хэрэгжүүлж байна. Ирэх есдүгээр сарын 01-нд 57-р сургууль төслийн нээлтээ хийнэ. Хамгийн гол нь сургуулиуд ногоон шилжилтийг хийх боломжтой гэдгийг бодит практик дээр харуулахыг зорьж байгаа. Энэхүү ногоон сургууль гэсэн концепцийг Ерөнхий сайд дэмжиж, Засгийн газрын хөтөлбөр болохоор яригдаж байна. Хэрэв бодит ажил болон хэрэгжвэл Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлж буй “Нартай сургууль” төсөл маань хамгийн чухал хөшүүрэг нь болох юм.

Нөгөө талаас ганцхан сургуулиудад нарны панель тавиад байгаа асуудал биш, маш том сэтгэлгээний өөрчлөлт явагдаад байгаа юм. Энэ ажил Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх зорилгод тодорхой дэмжлэг болж байгаа гэж харж байна.

Үүний зэрэгцээ ганцхан СЭХ нэвтрүүлээд зогсохгүй хүүхдийн суралцах орчныг эрүүл, аюулгүй болгохын тулд сургуулийн дотор болон гадна талыг цогцоор нь сайжруулахаар ажиллаж байна. Ингэж байж л ногоон сургууль гэсэн хөтөлбөр маань бүрэн утгаараа хэрэгжих юм” гэв.

Ийнхүү “Нартай сургууль” төсөл нь СЭХ-ийг нэвтрүүлэхээс гадна, сургалтын байгууллагын эрчим хүчний хэрэглээ, тэгш хүртээмжтэй байдал, боловсролыг хамарсан илүү өргөн хүрээний ногоон шилжилтийн эхлэл болж байна.

Төслийн нэг оролцогч тал болох Австрали Улсын Элчин сайдын Хэргийг түр хамаарагч Лалита Капур Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр нэвтрүүлэх өндөр боломж байгааг онцоллоо.

Тэрбээр, “Австралийн Засгийн газар болон Австралийн Элчин сайдын яам сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Тиймдээ ч энэ чиглэлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байна. Энэ хүрээнд “Нартай сургууль” төслийг Чингэлтэй дүүргийн 61-р сургуульд хэрэгжүүлж буйд баяртай байна. Энэхүү төсөл нь Монгол, Австрали хоёр улсын хамтын ажиллагааны тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд цаашид үр дүнг нь үнэлж, амжилттай хэрэгжсэн тохиолдолд цар хүрээг нь өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой юм.

Үүний дээр манай хоёр улсын цаг агаар тодорхой хэмжээнд төстэй. Цэлмэг хөх тэнгэр, хуурай уур амьсгалтай учраас нарны эрчим хүчний нөөц бололцоо өндөр байдаг. Тиймээс энэхүү төсөл нь Монгол Улсын нөхцөлд тохирсон, бодит үр өгөөж бий болгох шийдэл гэж харж байна” гэсэн юм.

“Нартай сургууль” төслийн энэхүү жишиг загвар нь ногоон шилжилтийг зөвхөн технологийн шийдлээр хязгаарлахгүй боловсрол руу, боловсролоос хүний дадал, хандлага руу тэлэх өөрчлөлтийн гол цөм болохоор байна.