E-Sight
Чингэлтэйн 48 өрх СЭХ-д суурилсан халаалтын системтэй боллоо

Чингэлтэйн 48 өрх СЭХ-д суурилсан халаалтын системтэй боллоо

“Нарны илч” төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 48 өрхөд нарны эрчим хүчид суурилсан халаалтын системийг суурилуулсан (2026.08.19) байна. 

Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын гэр хороололд цэвэр эрчим хүчний шийдлийг өргөжүүлэх зорилготой билээ. 

Төслийг Хятадын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (CIDCA) санхүүжүүлж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) Чингэлтэй дүүрэгтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд хоёр жилийн хугацаанд тус дүүргийн нийт 450 өрхийг нарны эрчим хүчид суурилсан халаалтын системээр хангахаар зорьж байна. 

Төсөлд хамрагдсан өрхүүдэд суурилуулж буй систем нь нарны цахилгаан үүсгүүрийн хавтан, гибрид инвертер, эрчим хүч хуримтлуулах батарей, дулаан хадгалах цахилгаан халаагуур, ухаалаг тоолуур болон хяналтын төхөөрөмжөөс бүрдэж байгаа юм байна. Ухаалаг тоолуур болон хяналтын систем нь нүүрстөрөгчийн ялгарлын бууралтыг хэмжих, холбогдох мэдээллийг бүртгэх боломж бүрдүүлж, цаашид нүүрстөрөгчийн кредитийг тооцоолох, баталгаажуулах болон нүүрстөрөгчийн санхүүжилтийн боломжийг судлах үндэс болох юм. 

Нарны эрчим хүчид суурилсан эдгээр системийн тусламжтайгаар төсөлд хамрагдсан өрхүүд халаалт болон цахилгааны хэрэгцээгээ цэвэр эрчим хүчний эх үүсвэрээс хангахын зэрэгцээ илүүдэл цахилгаанаа төвийн сүлжээнд нийлүүлэх боломжтой болно. Ингэснээр өрхийн эрчим хүчний зардлыг бууруулах, нэмэлт орлогын эх үүсвэр бий болгох, мөн агаарын бохирдол болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулах боломж бүрдэж байна.

Энэхүү санаачилга нь нүүрсэнд суурилсан халаалтын хэрэглээг бууруулах, агаарын чанарыг сайжруулах, Монгол Улсын тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэхэд чиглэж байна.