Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Хурлаар байгаль орчинтой нягт уялдаа холбоотой салбаруудын асуудлыг хэлэлцэж, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, тогтвортой хөгжлийг дэмжих шийдлүүдийг талууд эрэлхийлж байна.
Энэ үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалайгаас нүүрстөрөгчийн зах зээл, байгаль орчны чиглэлд бий болж буй санхүүжилтийн боломж болон COP17 Монгол Улсад ямар боломж, үр өгөөж авчрах талаар тодрууллаа.
Нүүрстөрөгчийн зах зээл хэрхэн ажилладаг вэ? Энэхүү зах зээлийг нэвтрүүлснээр ямар үр өгөөжтэй байх вэ?
Нүүрстөрөгчийн зах зээл нь байгаль орчны салбарт шинэ цонх нээж байгаа маш чухал боломж. Яагаад гэвэл байгаль орчны чиглэлээр хийж байгаа ажлуудыг санхүүжилтийн механизмтай зөв холбох боломж бүрдэж байна. Ер нь аливаа байгаль орчны асуудлыг эдийн засагтай нь уяж өгөхгүй бол ажил хэрэг болгоход хүндрэлтэй байдаг. Зүгээр л “мод тарь” гэж шахаад байвал хэцүү. Харин мод тарьснаар ямар эдийн засгийн үр өгөөж бий болох вэ гэдгийг харуулах нь чухал.
Тэгвэл нүүрстөрөгчийн зах зээл гэдэг нь байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зэрэг хүчин чармайлт гаргаж байгаа бол түүнийг нь үнэлдэг зах зээл гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчны чиглэлээр хийсэн ажлуудыг үнэлж, түүнд үндэслэн санхүүжилт босгох, зээл авах боломж бүрдэнэ.
Жишээлбэл, уул уурхайн нэг компани бүх том оврын техник, машинаа цахилгаан болголоо гэж бодъё. Ингэснээр тодорхой хэмжээнд нүүрсхүчлийн хийн ялгарлаас сэргийлж чадна. Тэр бууруулсан ялгарлаа тооцоолж, нүүрстөрөгчийн зах зээлд үнэлүүлээд, улмаар хөрөнгө босгох боломжтой гэсэн үг.
Монгол Улсад энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин өмнө нь байгаагүй. Харин сая хаврын чуулганаар Нүүрстөрөгчийн зах зээлийн тухай хуулийг баталсан. Энэ хууль батлагдсанаар хувь хүн, хувийн хэвшил гээд хэн ч энэ чиглэлээр ажиллах боломж бүрдэж байгаа гэсэн үг. Хамгийн гол нь энэ хуулийг бодитой ажилладаг тогтолцоо болгох нь чухал байна. Тэгж чадвал шахалтаар байгаль орчны ажил хийдэг биш, өөрсдөө энэ чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлээд, түүнийхээ үр дүнд хөрөнгө мөнгөө босгоод явах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, байгаль орчны чиглэлийн үйл ажиллагаа өөрөө бизнес болох боломж бүрдэж байна. Ийм орчныг бүрдүүлж байгаа нь маш чухал.
Уул уурхайн салбар, тэр дундаа төрийн өмчит компаниуд энэ чиглэлд ямар үүрэг, оролцоотой байх ёстой вэ?
Төрийн өмчит уул уурхайн компаниуд энэ чиглэлд заавал манлайлж ажиллах ёстой гэж үзэж байна. Байгаль орчин, уул уурхай гэдэг бол Монгол Улсын хувьд хамгийн чухал хоёр сэдэв. Тийм учраас бидний хувьд тодорхой ажлуудыг хийж байна.
Нөгөө талдаа томоохон хөрөнгө оруулалтууд ч хийгдэж байгаа. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ойн генетикийн төвтэй болсон. Мөн 10 сая ширхэг үрсэлгээ хийх томоохон үйлдвэрийн тендер зарлагдаж байна. Үүнээс гадна уул уурхайн салбар нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон байгууламж, сургууль, цэцэрлэгийн орчны тохижилт зэрэг асуудлуудад дэмжлэг үзүүлж байна. Энэ мэтчилэн өндөр хэмжээний үүрэг, оролцоотой ажиллах ёстой.
Таны хувьд COP17 Монгол Улсад ямар үр өгөөжийг авчирна гэсэн хүлээлттэй байгаа вэ?
Монгол Улсад их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдээсэй гэж хүсэж байна. Ялангуяа цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй. Монгол Улсад цөлжилт хамгийн гол тулгамдсан асуудлуудын нэг. Говийн аймгуудад хавар, намартаа шороон шуурга шуурахад хүн битгий хэл мал явахад хүртэл хэцүү байдаг. Цөлжилт ингэж тэлсээр байна.
Тиймээс Монгол Улс цөлжилттэй тэмцэх, ойжуулалтыг нэмэгдүүлэх, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийхдээ нүүрстөрөгчийн зах зээлийг ашиглаж, олон улсын хөрөнгө оруулалтыг татах боломжтой гэж харж бaйна.
