E-Sight
2026-2027 оны өвлийн их ачааллын горим ажиллагааг баталлаа

2026-2027 оны өвлийн их ачааллын горим ажиллагааг баталлаа

Эрчим хүчний нүүрс олборлогч уурхай, цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын ерөнхий инженерүүдийн зөвлөгөөн боллоо. Энэ үеэр Монгол Улсын эрчим хүчний системийн 2026-2027 оны өвлийн их ачааллын горимыг хэлэлцэн баталжээ.

Салбарын өвөлжилтийн бэлтгэл, үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах зорилгоор хэд хэдэн чиглэлд анхаарах аж. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл хангах засвар шинэчлэлийн ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгах, дулааны болон дулааны цахилгаан станцуудын өвлийн их ачааллын үеийн нүүрс, сэлбэг материалын нөөц бүрдүүлж бэлэн байдлыг хангах. Мөн олон улсад үүсэж буй нөхцөл байдалтай уялдуулан дизель түлш, мазут, шатах, тослох материалын нөөц бүрдүүлж ажиллахаар болжээ. 

Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Эрчим хүчний салбарт өвөлжилтийн бэлэн байдлыг хангах нь чухал асуудлын нэг болоод байна. Үүнтэй холбоотой бэлтгэлийг хэрхэн хангаж байгаа, дэлхийн геополитик, импорт, дотоодын эх үүсвэрүүдэд ямар эрсдэл тулгарч болзошгүй, осол гарсан тохиолдолд хэрхэн даван туулах зэргийн талаар Засгийн газар, олон нийтэд нээлттэй, тогтмол мэдээлэл хүргэхэд анхаарцгаая. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд эрчим хүчээ хэмнэх сэдэл төрүүлэхэд ч нөлөөтэй.” гэдгийг онцолсон байна.

Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын ерөнхий инженерүүдийн зөвлөгөөн жилд хоёр удаа болдог. Тус зөвлөгөөнүүдээр өвлийн их ачаалал болон зуны бага ачааллын горимыг баталдаг байна.  

Манай улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд 160-190 МВт буюу 8-11 хувиар өсдөг. Энэ өвлийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, системийн тогтвортой, найдвартай ажиллагааг дээшлүүлэх зорилгоор БНХАУ-аас импортоор 80 МВт чадал авах боломжтой болсон. Мөн таван аймагт нийт 220 МВт нарны цахилгаан станц, 135 МВт/440 МВт.цаг батарей хуримтлуур бүхий эх үүсвэр барьж буй.