E-Sight
Нийслэлийн 11 мянган хэрэглэгчийг найдвартай эх үүсвэрээр хангах төсөл

Нийслэлийн 11 мянган хэрэглэгчийг найдвартай эх үүсвэрээр хангах төсөл

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Йоханн Заатхоф тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлал хийж буй. Тус айлчлалын хүрээнд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Өндөр хүчдэлийн сургалтын төв болох Туул дэд станцад зочилж (2026.08.22), салбарын төлөөлөл, компанийн удирдлагатай уулзсан байна. 

Уулзалтаар Монгол-Германы хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүчний салбарт хэрэгжиж буй “Дамжуулах сүлжээний шинэчлэлт, өргөтгөл” төслийн явц, эрчим хүчний салбарын хүний нөөцийг чадавхжуулах “Хосмог сургалт”-ын үр дүн, сэргээгдэх эрчим хүчний интеграцийг сайжруулах асуудлуудыг хөндөн хэлэлцжээ. 

Түүнчлэн KFW банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр шинэ дэд станц болон хоёр хэлхээт кабелийн шугам барих, Туул дэд станцыг иж бүрэн өргөтгөн шинэчлэх ажлуудыг хийж байгаа билээ. Туул дэд станц Улаанбаатар хотын 110 кВ цахилгаан дамжуулах сүлжээний гол зангилаа төдийгүй нийслэлийн цахилгаан эрчим хүчний найдвартай, тасралтгүй хангамжид онцгой үүрэгтэй. Уг төсөл хэрэгжснээр цахилгаан дамжуулах сүлжээний хүчин чадал, тогтвортой ажиллагаа урт хугацаанд дээшилж, нийслэлийн 11,000 гаруй хэрэглэгч эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдах аж. 

Мөн энэ үеэр “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол сургалт-II” төсөл “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК хооронд хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэв.