E-Sight
Чингэлтэй дүүргээс эхэлсэн “Ногоон сургууль” төсөл орон даяар хэрэгжинэ

Чингэлтэй дүүргээс эхэлсэн “Ногоон сургууль” төсөл орон даяар хэрэгжинэ

Нийслэлийн хэмжээнд ашиглалтын хугацаа нь дууссан, хуучирсан, анги танхим нь стандартын шаардлагад нийцэхгүй, эрчим хүчний хэрэглээ өндөртэй цөөнгүй улсын сургууль бий. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн сурч, хөгжих орчин өөрөө олон асуудал дагуулсаар байгаа гэсэн үг. Харин Чингэлтэй дүүргийн 57-р сургуульд энэ бүх асуудлыг нэг дор шийдэх “Ногоон сургууль” төслийг хэрэгжүүлжээ.

1976 онд баригдсан тус сургуулийн барилгыг дулаалж, нарны цахилгаан үүсгүүр, батарей хуримтлуур суурилуулан эрчим хүчний хэрэглээг бууруулахын зэрэгцээ доторх агаарын чанар, сургуулийн гаднах орчин, аюулгүй байдал, технологийн дэд бүтцийг цогцоор нь шинэчилсэн байна. Ингэснээр 50 жилийн өмнө баригдсан хуучин сургуулийн барилгыг шинэчилж хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй, ногоон, ухаалаг сургалтын орчин болгон өөрчилжээ.

Төслийн үр дүнд 57-р сургууль зөвхөн цахилгаан эрчим хүч хэрэглэгч биш, үйлдвэрлэгч болжээ. Өөрөөр хэлбэл, нарны хавтангаас сургуулийнхаа хэрэгцээг хангаад, түүнээс давсан цахилгааныг төвийн сүлжээнд нийлүүлэх боломжтой гэсэн үг юм. Энэхүү нарны цахилгаан үүсгүүр нь 50 кВт-ын хүчин чадалтай, 46 кВт.цаг батарей хуримтлуур бүхий хосолсон систем бөгөөд жилд 84 мянган кВт.цаг цахилгаан үйлдвэрлэх боломжтой.

Барилгын дулаалга болон бусад эрчим хүчний хэмнэлтийн шийдлийг хамтад нь хэрэгжүүлснээр тус сургууль жил бүр цахилгаан, дулаандаа зарцуулдаг байсан 300 гаруй сая төгрөгийн зардлаа бодитоор бууруулах боломж нээгдсэн байна. Ингэснээр сургуулийн үйл ажиллагааны зайлшгүй зардалд шингэдэг байсан хөрөнгийн тодорхой хэсгийг хүүхдийн сурч, хөгжих орчныг сайжруулах, боловсролыг дэмжихэд чиглүүлэх боломжтой болжээ.

Энэхүү “Ногоон сургууль” төслийг Чингэлтэй дүүрэг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж, 57-р сургуулийг аюулгүй, эрүүл, ногоон, ухаалаг сургууль болгох ажлыг эхлүүлсэн билээ. Төсөл амжилттай хэрэгжиж, үндэсний хэмжээний жишиг загвар болсон 57-р сургууль шинэ хичээлийн жилийн эхний өдөр буюу 2026 оны есдүгээр сарын 1-нд нээлтээ хийсэн юм. Төслийн нээлтэд Ерөнхий сайд Н.Учрал, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Биате Диастелийн нар оролцож, төслийн үр дүнтэй танилцлаа.

Улмаар уг санаачилгыг Засгийн газраас бодлогоор дэмжиж, 57-р сургуулиас эхэлсэн төсөл цаашид өргөжин, орон даяар хэрэгжихээр болжээ. Ирэх жилийн төсөвт улсын хэмжээнд 100 сургуулийг “Ногоон сургууль” төслийн жишгээр шинэчлэхээр тусгасан нь боловсролын салбарт төдийгүй ирээдүй хойч үед хийгдэх томоохон хөрөнгө оруулалт болж байна. Цаашид Монгол Улсын 700 гаруй сургуулийг үе шаттайгаар энэ жишигт шилжүүлэх зорилт тавьж байна.

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ч.Мандуул “Ногоон сургууль” нь ногоон шийдэл, аюулгүй байдал, эрүүл орчин, технологийн шинэчлэл гэсэн дөрвөн үндсэн санааг нэгтгэсэн цогц хөтөлбөр гэдгийг хэллээ. Эрчим хүч, хог хаягдал, хоол хүнсний менежментэд ногоон шийдэл нэвтрүүлсэн бол анги танхимын агаарын чанар, ус, ариун цэврийн орчныг сайжруулснаар эрүүл сургуулийн стандартыг бүрдүүлжээ.

Тус сургуульд дотор болон гаднах агаарын чанарыг хэмжих төхөөрөмж суурилуулж, анги танхим бүрийн хэмжээнд тохирсон агаар цэвэршүүлэгч байршуулсан байна. Гаднах агаарын чанарыг хэмжих нэг IQAir, доторх агаарын чанарыг хэмжих зургаан IQAir төхөөрөмжтэй бол ангиудад 43 м² талбайн агаарыг цэвэршүүлэх хүчин чадалтай агаар цэвэршүүлэгч суурилуулжээ. Нэг ангийн дундаж хэмжээ 33 м² орчим тул нэг төхөөрөмжийн хүчин чадал ангийн орчныг бүрэн хамрах аж.

Үүний зэрэгцээ гидропоник системээр ургамал, хүнсний ногоо ургуулах шийдлийг нэвтрүүлжээ. Уг системээр ургамал 18-21 хоногийн дотор ургах боломжтой бөгөөд нэг ангид хоёр төхөөрөмж байрлуулсан байна. Энэ нь 25-30 хүүхдийн 7-10 хоногийн шим тэжээлийн хэрэгцээг хангах хэмжээний бүтээгдэхүүн ургуулах боломжтой юм. Одоогоор таван ангид нийт 10 төхөөрөмж суурилуулжээ. Мөн ус цэвэршүүлэгч, аяга, сав ариутгах шийдлүүдийг нэвтрүүлж, будаг засвараас эхлээд хүүхдийн өдөр бүр хэрэглэдэг орчныг эрүүл болгоход анхаарсан байна.

Харин “ухаалаг сургууль” хэсэгт 402 Chromebook ашиглан биологи, математик, физикийн хичээлийг 3D хэлбэрээр судлах боломжийг нэвтрүүлжээ. Технологийн шинэчлэл нь компьютер, төхөөрөмжөөр хязгаарлагдахгүй, сургалтын агуулгыг илүү ойлгомжтой, хүртээмжтэй болгоход чиглэж байгаа нь энэ хэсгийн онцлог юм.

Үүний зэрэгцээ сургуулийн гаднах орчны аюулгүй байдлыг камер, гэрэлтүүлэг, замын тэмдэг, тэмдэглэгээ, явган хүний орчин болон хүүхдээ буулгаж, авах түр зогсоолтой хамтатган шийдсэн нь төслийн өөр нэг давуу тал юм. Хүүхэд сургуулийн хаалгаар орсны дараа бус, гэрээсээ сургууль руугаа гарах мөчөөс аюулгүй байх ёстой гэсэн зарчмаар сургуулийн орчныг бүхэлд нь төлөвлөжээ. Тодруулбал, “Гэрт ойрхон сургууль”, “Буух түр цэг-нийтийн зогсоол”-ын тохижилтыг шийдэж, сургууль ухаалаг хаалгатай болжээ. Гадаа 14, дотор зургаан камер суурилуулсан бөгөөд гадаах камерын системийг дүүргийн теле камерын дэд төвтэй холбосон байна. Мөн сургуульд дээрэлхэлтийн эсрэг хөтөлбөр хэрэгжихээс гадна сургуулийн бүсэд архи, тамхины худалдааг хязгаарлаж, хүүхдийг зам тээврийн осол, гэмт хэргээс хамгаалах цогц орчин бүрдэж байна.

Эцэст нь, хүүхдийн сурч буй орчин бол зөвхөн анги танхимын дөрвөн хана биш. Харин агаар, дулаан, гэрэл, ус, аюулгүй зам, эрүүл хоол хүнс, технологи гээд цогц орчныг хэлнэ. Тэгвэл эдгээрийг нэг амьсгаагаар шийдэх боломжтой гэдгийг Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгад байрлах 57-р сургуулиас эхэлсэн өөрчлөлт бодитоор харуулж чадсан юм.