Улс орны аж үйлдвэрийн салаа салбар өргөжин хөгжихийн хэрээр мэргэжилтэй ажилтан, боловсон хүчний асуудлыг нэгтгэн шийдэж ирсний тод томруун баримт бол Дарханы Политехникум юм” хэмээн “Монголын эрчим хүч 100 үйл явдал” номын 37 дугаар талд тэмдэглэжээ. Түүнчлэн Монгол Улсын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх гол цөм гэж тодотгосон байна. Энэ нь хоёр жилийн өмнө хүртэл бие даан үйл ажиллагаа явуулж байсан Уул уурхай, эрчим хүчний коллежийн тухайд юм.
Энэхүү баримтыг онцлохын учир гэвэл, одоогийн Дархан Политехник коллеж нь 2024 онд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг Политехник коллеж, Дархан-Өргөө политехник коллеж, Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийг нэгтгэн байгуулагдсан юм. Засгийн газрын тогтоолоор барилга, автозам, гүүр, үйлдвэрлэл үйлчилгээ, эрчим хүч, уул уурхайн чиглэлээр дагнан мэргэжилтэй ажилтан бэлтгэж ирсэн гурван коллежийг ийн нэгтгэжээ.
Уул уурхай, эрчим хүчний коллеж нь Үйлдвэрийн техникум байхдаа буюу 1955-1956 оны хичээлийн жилээс бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй хүний нөөц бэлтгэж эхэлсэн байна. Үүнээс хойш эрчим хүчний салбарт цахилгаан багаж хэрэгслийн засварчин, уурын зуух, турбины слесарь болон машинч, засварчин, токарьчин, гагнуурчин, цахилгааны монтёр, цахилгаан техникийн мастер, дизель дулааны техникч, дулааны техникчдийг бэлтгэсээр өнөөг хүрсэн байна.
Өнгөрсөн 87 жилийн хугацаанд нэр, харьяалал, статус гээд олон зүйл, олон удаа өөрчлөгдөж, шилжилтийн шуурганд ч өртөөд авчээ. Гэсэн ч коллежийн үйл ажиллагаа тасалдаагүйн дээр 18 мянга гаруй мэргэжилтэй боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлд гаргасан бахархалт түүхтэй.
Өдгөө 34 хөтөлбөрөөр сургалт явуулж байгаагийн дөрөв нь эрчим хүчний чиглэл юм. Цахилгаан, дулаан, сэргээгдэх эрчим хүч, мехатроник чиглэлээр нийт суралцагчийн 20 30 хувь нь суралцаж байна. Тэгвэл сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн ангийн анхны элсэлтийг 2025-2026 оны хичээлийн жилд авчээ. Энэ нь ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ) болон Австрали Улсын Гадаад Хэрэг, Худалдааны Яам (DFAT) ны хамтарсан санхүүжилтээр, Монгол Улсын Боловсролын яамтай хамтран Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол сургалт II” төслийн хүрээнд ажээ.
Мэргэжлийн боловсролын гурван жилийн анги буюу есдүгээр анги төгсөгчдөд зориулсан Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн анхны анги 33 суралцагчтайгаар хичээллэж байна. Ийн ногоон эрчим хүч рүү шилжих дэлхий нийтийн давлагаанд хамгийн хүчтэй түрлэг болох цэвэр эрчим хүчний мянга, мянган мэргэжилтэй ажилтныг бэлтгэх сууриа Дархан Политехник коллеж амжилттай тавиад байна.
Дархан Политехник коллежийн Сургалтын менежер Б.Баярбат “Бид 21 аймгаас элсэлт авдаг. Өмнө нь хүн томилоод аймгийн төвүүд рүү элсэлт авахаар явуулдаг байсан. Одоо бол нийгмийн сүлжээ ашиглаад цахимаар мэдээлэл түгээснээр сумдын хүүхдүүдэд ч хүртээмжтэй мэдээлэл очиж байна. Анхны Сэргээгдэх эрчим хүчний ангийг л гэхэд Хөвсгөл, Завхан, Говь Алтай аймгаас зорин ирсэн. Тухайн аймагт нь политехник коллеж байхад зөвхөн энэ сургуулийн, энэ ангид суралцана гэсэн зорилго өвөртлөөд ирдэг. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний анги хэр эрэлттэйг харуулж байгаа хэрэг” хэмээн ярьсан юм.
Монголын ууган коллежуудын нэгдэл Дарханы Политехник коллежийг GIZ-ийн хэрэгжүүлж буй мэргэжлийн боловсрол, сургалтын төслүүд 2013 оноос хойш тасралтгүй дэмжин ажиллаж байна. Үүний үргэлжлэл нь “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол сургалт II” төсөл гэж болно. Эрчим хүчний салбарыг авч яваа техникийн ажилчдын дийлэнхийг бэлтгэсэн туршлагатай коллежид шинэ анги, шинэ хөтөл бөр нэмэхэд урамтай байсан нь мэдээж. Оргүй хоосноос эхлэх, хэдийн босгочихсон бат бөх суурин дээр бүтээн байгуулах хоёрт газар тэнгэр шиг ялгаа бий. Үүнийг бататгах мэт төслийн хүрээнд тохижуулсан орчин үеийн стандартад нийцсэн, ажлын байртай эн тэнцэхүйц чадам жийн төвтэй болсон. Чадамжийн төвүүд нь мэргэжлийн чиг баримжаа олгох, дэлхийн ур чадварын тэмцээнд бэлтгэх зэрэг олон талын үйл ажил лагаатай, тухайн мэргэжлээр төрөлжсөн төв юм.
Үүгээр зогсохгүй хүртээмжтэй орчныг цогцлоох чухал ажлуудыг хийсэн байна. Хүн бүрд, хүүхэд бүрд ээлтэй байх сургалтын орчны үнэлгээнээс эхлээд ажлын зураг гаргуулж улмаар коллежийн нэгдүгээр давхарт хөгжлийн бэрхшээлтэй хүн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлжээ.
Мөн өвлийн элсэлтээс бүрдсэн Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн техникийн боловс ролын 1.5 жилийн анги 15 суралцагчтайгаар хичээллэж байна. Үүнээс улбаалаад 2026-2027 оны хичээлийн жилийн намрын улиралд мэргэж лийн болон техникийн боловсролын ангиудад элсэлт авахаар төлөвлөжээ. Энэхүү Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн техникийн болон мэргэжлийн боловсролын чиглэлээр хөтөлбөр боловсруулах ажил ид дундаа үргэлжилж буй. Дарханы Политехник коллежийн адил “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол сургалт II” төсөл хэрэгжиж буй Налайх Политехник коллеж мөн л хамтран ажиллаж байгаа юм. Сайн туршлагаа хуваалцах, хамтдаа суралцах зэрэгт ихээхэн өгөөжтэй гэнэ.
Улс орны хөгжлийн суурь эрчим хүчний салбарын үнэт зүйл болсон мэргэжилтэй ажилчдыг бүхий л үед нэр төртэйгөөр бэлтгэж ирсэн Дархан Политехник коллежийн түүх бичигдсээр байна. Тэрхүү түүхийн нэг томоохон бүлэг нь Сэргээгдэх эрчим хүчний чиглэл байх нь гарцаагүй. Цаг хугацаа улиран одохын жамаар зарим мэргэжил шаардлагагүй болж, зарим мэргэжил шинээр үүсэж, зарим мэргэжил улам бүр үнэ цэнтэй болж байна.
Үүний нэгэн жишээ бол эрчим хүчний чиглэлээр дагнаж ирсэн Дархан Политехник коллеж Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хөтөлбөр эхлүүлсэн явдал юм. Монгол Улсын цэвэр, ногоон эрчим хүчний шилжилтийг гар дан хийх хүний нөөцийг бэлтгэх шанг татсан Дархан Политехник коллежийн энэхүү өөрчлөлт, шинэчлэлийн түүх “булган сүүл”-тэй байх биз ээ.
