Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдийг гадаад, дотоодод сургаж, чадавхжуулах “Эрчим инженер” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ хүрээнд шинэ бүтээл, оновчтой санал санаачилга гаргасан инженерүүдийг өндөр дүнтэй урамшууллаар дэмжих боломж бүрдүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа хэлэхдээ, ““Эрчим инженер” хөтөлбөрөөр дамжуулан залуу инженерүүдийг богино хугацааны сургалт, туршлага солилцоонд хамруулах, гадаад, дотоодын мэргэжилтнүүдээс суралцах боломжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Мөн салбарын инженерүүдийн шинэ бүтээл, оновчтой шийдэл, санал санаачилгыг бодитоор үнэлж, урамшуулах тогтолцоог бүрдүүлэхээр зорьж байгаа.
Инженер бол нээлттэй сэтгэж, шийдэл, үр ашгийг хайдаг, түүндээ зоригтой дуугардаг байх ёстой. Түүнээс биш зөв бурууг нь мэдэхгүй дарга нарын үгийг цэрэг шиг гүйцэтгэдэг байж болохгүй. Цаашдаа эрчим хүчний салбарын залуусыг сэргээсэн, хүний нөөцөө дэмжсэн урамшууллын системтэй болно” гэлээ.
