Улсын гал голомт болсон эрчим хүчний салбарт жил бүр хамгийн бага төсөв хуваарилдаг гэх шүүмжлэл тасардаггүй.Тэгвэл ирэх 2027 онд Эрчим хүчний сайдын төсөв огцом өсөж, бараг гурав дахин нэмэгдэхээр байна. Тодруулбал, Эрчим хүчний сайдын 2027 оны төсвийн төсөл 1.28 их наяд төгрөг байгаа нь өнгөрсөн 2026 оныхоос 181 хувиар буюу 824.8 тэрбум төгрөгөөр их байна. Харин үүний ихэнх хэсгийг хөрөнгийн зардал эзэлж буй. Тухайлбал, нийт төсвийн төслийн 1.06 их наяд төгрөг буюу 82.5 хувийг хөрөнгийн зардалд, 223.8 тэрбум төгрөг буюу 17.5 хувийг урсгал зардалд тусгажээ. Харин 2026 оны батлагдсан төсөв 456 тэрбум төгрөг байгаагаас урсгал зардалд 133 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 322 тэрбум төгрөг тусгасан юм.
Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2027 оны төсвийн төсөл 2026 оныхоос 9.6 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 43.6 их наяд төгрөг хүрчээ. Зарлагын бараг дөрөвний гурав нь Засгийн газрын зардал буюу сайд нарын төсөв байгаа юм. Сайд нарын төсөв 2027 оны төсвийн жилд 8.1 их наяд төгрөгөөр тэлнэ. Энэ нь төсвийн зарлагын тэлэлтийн 85 хувьтай тэнцэнэ гэсэн үг. Тэр дундаа Боловсрол, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Сангийн сайд нарын төсөв их наяд давж тэлсэн бол Эрчим хүч, Эрүүл мэндийн сайд нарын төсөв хагас их наяд давуулан өсжээ.
Харин 2026 оны төсвийн тодотголд импортын цахилгааны өртгийн өсөлтийг хэрэглэгчдэд шууд шилжүүлэхгүй байх зорилгоор тарифын алдагдалд 107.3 тэрбум төгрөгийн татаас, эрчим хүчний станц, дамжуулах, түгээх сүлжээний их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн байна.
Эрчим хүчний сайдын төсвийн зарцуулалт
Эрчим хүчний сайдын төсвийн зарлагын дээд хязгаарыг 461.2 тэрбум төгрөгөөр тогтоосон ч 2027 онд 1.9 их наяд төгрөг зарцуулах төсөл ирүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, тогтоосон хязгаараас 1.4 их наяд орчим төгрөгөөр давж, нийт төсвийн санал нь хязгаараас дөрөв дахин өндөр байгаа юм. Хувиар илэрхийлбэл, тогтоосон хязгаараас 178 хувиар өндөр дүнтэй гэсэн үг.
Харин үүний 1 их наяд төгрөгийг урсгал зардалдаа, 957 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулахаар тооцжээ. Шалтгаан нь Засгийн газраас цахилгаан, дулааны үнийн нэмэгдлийг 2027 он хүртэл хойшлуулсан гэжээ. Үүнээс болж нэмэгдсэн татаасанд 900 орчим тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Мөн 10 аймгийн дулааны станц, дулаан хангамжийн ажил зэрэг томоохон төслүүдээс шалтгаалж, төсвийн хязгаараа давуулсан гэж мэдээлсэн юм.
Тэгвэл 2027 оны төсвийн төсөлд Эрчим хүчний яамнаас 1.9 их наяд төгрөгийн төсөв санал болгосон ч Засгийн газар эцэслэн боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн төсөлд энэ дүн 1.28 их наяд төгрөг болж буурчээ.

