COP17 бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах үеэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 12 тооны түр байгууламжийг босгосон. Нийт 12 хоногийн хугацаанд зохион байгуулагдсан үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг уншигч та бүхэн чамгүй хүлээн авсан байх. Тэгвэл Энержи Инсайт COP17-ийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ, цахилгаан хангамжийн дэд бүтэцтэй холбоотой тоо баримтыг онцолж байна.
Хэрэглээ: Нийт 96,100 кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэжээ. Үүнийг манай улсын цахилгааны дундаж тарифаар тооцвол 26.9 сая төгрөг болж байна. Дунджаар өдөрт 2.2 сая төгрөгийн цахилгаан эрчим хүч хэрэглэсэн гэсэн үг.
Хүн хүч: Цахилгааны найдвартай ажиллагааг хангахад 56 инженер техникийн ажилтан 1608 цаг ажиллажээ.
34 км шугам: Гадна цахилгаан хангамжид 6666 метр цахилгаан дамжуулах кабель шугам ашигласан бол дотор монтажанд 28,000 метр кабель шугам татжээ. Эдгээр кабель шугамыг нийлүүлбэл Налайхаас Төв аймгийг холбох боломжтой урт юм.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Диспетчерийн албаны ахлах инженер Д.Гантулгаас COP17 хурлыг цахилгаан эрчим хүчээр хангах үйл ажиллагааны талаар тодрууллаа.
_1788850375.jpg)
COP17-гийн цахилгаан хангамжийн бэлтгэл байдлыг хэрхэн хангасан бэ?
Бэлтгэл ажлыг тавдугаар сарын 4-ний өдрөөс наймдугаар сарын 14-нийг хүртэл гурван үе шаттайгаар хангасан. Нийт 10 МВт суурилагдсан чадалтай зөөврийн 10 дэд станцыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК суурилууллаа. Гэхдээ бодит байдал дээр хэрэглээ тогтмол 3.5 МВт орчим байсан. Бидний суурилуулсан чадлын 30-40 хувьд л ачаалласан. Нийт 96,100 кВт.цаг цахилгаан эрчим хүчийг хэрэглэсэн байна. Үйл ажиллагааны үеэр манай компанийн 56 ажилтан, хоёр ээлжээр 24 цаг жижүүрлэж, байнгын бэлэн байдалд ажилласан.
Хамгийн их ачаалал наймдугаар сарын 24-ны өглөө 4.1 МВт хүрсэн. Энэ өглөө бороотой, сэрүүн байсантай холбоотойгоор COP17-ийн түр байгууламжуудын халаалт, агааржуулалтын системүүд зэрэг ажилласан.
Үйл ажиллагааг цахилгаанаар хангахад тулгарсан хүндрэл, бэрхшээл болон онцлогтой зүйл бий юу?
Бидний зүгээс бэлтгэлээ маш сайн хангасан учраас тасралт сааталгүй, найдвартай эрчим хүчээр хангаад үйл ажиллагааг дуусгасан.
Ажиглагдсан нэг зүйл бол өглөө хурлын өмнө халаалт, агааржуулалтын систем бүрэн ажиллаад хэрэглээ өсөөд ирэхээр чадал хангалттай хүрч байсан. Тэгсэн хэр нь зөөврийн станцын трансформаторын техникийн паспортод заасан халах дээд утгандаа тулж ирсэн. Ердийн хөргөлттэй трансформатор 75 хэм халах ёстой бол тэр утгандаа тулсан. Өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй.
Манай компаниас гадна дотор цахилгаан хангамжийг Францын GL компани, Хятадын CYT компани, гадна орчны гэрэлтүүлгийг “Өдрийн удам” болон “Эрчим болор” компаниуд тус тус хариуцан ажилласан.
