Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын залуу судлаач, бүтээгчдийн шинэ санаа, судалгааны үр дүнг олон улсын түвшинд танилцуулах “Falling Walls Lab Ulaanbaatar 2026” арга хэмжээ Улаанбаатар хотноо (2026.09.11) боллоо.
Энэ удаагийн арга хэмжээг Монгол Улс, ХБНГУ-ын хоорондын боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан бөгөөд Монгол, Герман болон бусад орны судлаач, оюутан, инновац бүтээгчид оролцлоо.
Германы Falling Walls Foundation-оос санаачлан зохион байгуулдаг “Falling Walls Lab” нь залуу судлаач, инновац бүтээгчдэд шинэлэг санаа, судалгааны үр дүн, технологийн шийдлээ олон улсын түвшинд танилцуулахын зэрэгцээ салбар хоорондын хамтын ажиллагаа, шинжлэх ухааны харилцаа холбоог хөгжүүлэх боломж олгодог олон улсын платформ юм.
Дэлхийн олон оронд жил бүр зохион байгуулагддаг уг арга хэмжээнд оролцогчид өөрсдийн судалгаа, төсөл, инновацын санаагаа гурван минутын хугацаанд танилцуулдаг. Улмаар шилдэг оролцогч нь Германы Берлин хотноо зохион байгуулагдах “Falling Walls Lab International Final” болон “Falling Walls Science Summit”-д Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болдог. Ингэснээр оролцогчид өөрсдийн санаа, судалгааг олон улсын экспертүүдэд танилцуулахаас гадна дэлхийн эрдэмтэн, судлаачид, хөрөнгө оруулагчид, бодлого боловсруулагчидтай харилцаа холбоо тогтоож, олон улсын шинжлэх ухаан, инновацын сүлжээнд нэгдэх боломж бүрддэг.
“Falling Walls Lab Ulaanbaatar” нь Монголын залуу судлаач, инновац бүтээгчдийн бүтээлч санаа, судалгааг олон улсын тавцанд гаргах, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал талбар болж байна.
МГТИС-ийн Ректор, профессор Б.Батцэнгэл: “МГТИС нь 2019 оноос хойш Falling Walls Lab Mongolia тэмцээнийг зохион байгуулж, залуу судлаач, шинийг санаачлагчдад шинэ, дэвшилтэт санаагаа олон нийтэд болон олон улсад танилцуулах боломжийг олгож ирсэндээ баяртай байдаг. Шинэ үеийн авьяаслаг шинийг санаачлагчид тогтсон хил хязгаарыг давж, өөрсдийн санаа, шийдлээр дэлхийд хувь нэмрээ оруулахыг зорьж байгаад бид баяртай байна.”
ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн Хана Беккер: “Герман болон Монгол Улс нь боловсролын салбарын харилцаа, солилцооны зуун жилийн түүхтэй. Falling Walls Lab нь энэхүү урт удаан уламжлалыг шинэ үеийнхэнтэй холбон, Монголын залуу судлаачдад өөрсдийн санаа, бүтээлээ хөгжүүлэх, олон улсын харилцаа, хамтын ажиллагааны сүлжээг бий болгох, ирээдүйг бүтээлцэх боломжийг олгож байна.”
DAAD-ийн багш Даниел Матисяк: “Герман, Монгол хоёр улс шинжлэх ухааны солилцоо, хамтын ажиллагааны 100 жилийн түүхтэй. Бидний хувьд энэхүү ой нь өнгөрснөө дүгнэхийн зэрэгцээ ирээдүйгээ харах боломж юм. Шинэ үеийнхэн шинэ асуулт, шинэ санаа, хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүдийг бий болгож байна. Falling Walls Lab нь залуу судлаачид өөрсдийн үзэл бодол, шийдлээ танилцуулж, Монгол Улсынхаа хилээс даван олон улсад танигдах боломжийн тод жишээ юм. DAAD тэтгэлэг, хөтөлбөрүүдээрээ дамжуулан залууст энэхүү солилцоог үргэлжлүүлэх, суралцах болон судалгаа шинжилгээний салбарт өөрсдийн замналаа бүтээх боломж олгохыг зорьдог.”
Мөн арга хэмжээний хүрээнд “ENGAGEx Science Communication – 100 Years of Mongolian- German Educational Cooperation” тусгай хөтөлбөр зохион байгуулагдаж, Герман Улсад суралцах, судалгаа хийх боломж, МГТИС-ийн судалгааны үйл ажиллагаа, Sur-Place тэтгэлэг болон Монгол-Германы академик хамтын ажиллагааны талаар мэдээлэл, туршлага хуваалцлаа.


