Шадар сайд Т.Доржханд цаг үеийн асуудлаар өнөөдөр (2026.09.14) мэдээлэл өглөө.
Монгол Улсын эрчим хүчний систем хуучирч, дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа нь эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй нэг хүчин зүйл юм. Эрчим хүчний үйлдвэрлэлийн 90 орчим хувь нүүрсэнд тулгуурладаг ч нүүрсний цахилгаан станцын төслүүдэд олон улсын санхүүжилт татах боломж хязгаарлагдмал байна. Харин сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд олон улсын санхүүжилтийн боломж харьцангуй өндөр байна.
Монгол Улс 2030 он гэхэд эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эх үүсвэрийн эзлэх хувийг 30 хувьд хүргэх зорилт тавьсан. Монголд 600 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэг жилийн дотор барих боломжтой бөгөөд санхүүжилт бий. Гэвч нар, салхины хэлбэлзлийг тохируулах эх үүсвэр дутагдалтай хэвээр байна. Олон улсад энэ үүргийг усан болон байгалийн хийн цахилгаан станц гүйцэтгэдэг бол сүүлийн жилүүдэд батарей хуримтлуурыг өргөн ашиглах болсон. Энэ нь Монголд сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний төслийн дуудлага худалдааг анх удаа таван байршилд зарлахад батарей хуримтлууртай хосолсон цахилгааны хамгийн бага санал 1 кВт.цаг тутамд 4.85 ам.цент байсан бол Бөөрөлжүүтийн цахилгаан станцын үнэ 8.9 ам.цент байгаа. Эрчим хүчний салбарт төр шууд оролцохоос илүү нээлттэй, ил тод дуудлага худалдаагаар хувийн хөрөнгө оруулалтыг татах нь зүйтэй. Засгийн газар урт хугацааны буюу 20 жил хүртэлх цахилгаан худалдах, худалдан авах гэрээгээр зах зээлийн баталгаа гаргаж, хөрөнгө оруулалтын бусад эрсдэлийг хувийн хэвшил хариуцах зарчим баримталж байна.
Эрчим хүчний экспортыг ногоон устөрөгч, дата төв, ногоон металлурги болон цахилгаан эрчим хүчний шууд экспорт гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Тухайлбал, эрчим хүчний нүүрсний уурхайн орчимд цахилгаан станц байгуулж, нар, салхины эх үүсвэртэй хослуулан дата төвүүдийг эрчим хүчээр хангах боломжтой. КОП17-ийн үеэр дата төвийн чиглэлээр 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын тохиролцоо хийсэн.
Үүнтэй адил эрчим хүч ихээр шаарддаг металлургийн үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлэх замаар эрчим хүчийг бүтээгдэхүүнд шингээн экспортлох боломжтой. Хөнгөн цагааны үйлдвэрлэлийн зардлын 60-70 хувийг эрчим хүч эзэлж байна. Жилд гурван сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 17 ГВт-ын эрчим хүчний эх үүсвэр шаардлагатай гэж тооцсон. Үүнээс 11 ГВт-ыг салхи, 2 ГВт-ыг нар, үлдсэн 4 ГВт-ыг нүүрсний цахилгаан станцаас хангах бөгөөд төслийн нийт хөрөнгө оруулалт 17 тэрбум ам.доллар байна.
Монгол Улсын зах зээл жижиг учраас экспортын төсөл рүү хөрөнгө оруулагчид орж болохоор байгаа. Ингэхээр нэгдүгээрт дотоодын эрчим хүчийг бүрэн хангах уу, эсвэл экспорт хийх үү гэвэл эрчим хүчний экспортын том төслүүдийг явуулах нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ.
