Баруун бүсийн эрчим хүчний хамаарлыг бууруулах стратегийн ач холбогдолтой 90 МВт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ төслийн талбайд очиж, барилгын ажлын явцтай танилцлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төслийг төлөвлөсөн хугацаанд нь чанартай дуусгахыг оролцогч талуудад үүрэг болгож, бүтээн байгуулалтад цаашид бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Тэрбээр, Эрдэнэбүрэн УЦС нь хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон, Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон чухал бүтээн байгуулалт болохыг онцолсон байна. Эрдэнэбүрэн УЦС-ын төсөл нь Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй томоохон төслүүдийн нэг билээ. У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байсан юм.

Эрдэнэбүрэн УЦС ашиглалтад орсноор жилд 360 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс хангахын зэрэгцээ төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх юм. Станцыг 2030 оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа.
Одоогийн байдлаар төслийн хүрээнд үндсэн туннелийн дөрвөн хэсгийг барьж, барилгын туслах бүх туннелийг үндсэн туннелтэй холбосон байна. Ус дамжуулан урсгах 385 метрийн туннелийн барилгын ажил дуусжээ. Мөн станцын барилгын суурийн ажил бүрэн дуусаж, ус хуримтлуулах худаг болон 1-4 дүгээр генераторын эхний давхаргын бетон цутгалтыг хийсэн байна. Одоогоор 1, 2 дугаар генераторын хоёр дахь давхаргын бетон цутгалтын ажил үргэлжилж байна.
Станцын бүтээн байгуулалтын нэг хэсэг болох 11 тэрбум м³ багтаамжтай усан сан, далан баригдсанаар 24 км урт, дөрвөн км өргөн нуур бий болох юм. Төслийг хэрэгжүүлснээр жилд ойролцоогоор 300 мянган тонн CO₂-ын ялгарлыг бууруулж, үүнтэй дүйцэхүйц 110 мянган тонн нүүрсний хэрэглээг хэмнэх тооцоотой байна. Мөн жилд ойролцоогоор 120 мянган өрхийн цахилгааны хэрэгцээг хангах хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх юм.
Өнөөдөр баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ жилд 160 сая кВт.цагт хүрч байгаа бөгөөд үүний 40 хувийг Дөргөний УЦС үйлдвэрлэдэг. Үлдсэн хэрэгцээг ОХУ болон БНХАУ-аас импортын эрчим хүчээр хангаж байна. Ийм нөхцөлд Эрдэнэбүрэн УЦС нь зөвхөн шинэ эх үүсвэр нэмэх бус, баруун бүсийн эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлэх томоохон бүтээн байгуулалт болох юм.
Усан цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүчний салбарын үр өгөөжөөс гадна орон нутгийн эдийн засаг, хөгжилд өөрчлөлт авчрах хүлээлттэй байна. Тухайлбал, 100 орчим байнгын ажлын байр бий болж, усалгаатай газар тариалан болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц болох юм.

