E-Sight
2025 онд эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт $3.3 их наядад хүрэв

2025 онд эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт $3.3 их наядад хүрэв

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Энержи Инсайт сэтгүүлээс даваа гараг бүр хүргэдэг “Товхимол” №37-оос дэлхий дахины онцлох мэдээллийг хүргэж байна.

2025 онд эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт $3.3 их наядад хүрэв

Дэлхийн эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт 2025 онд түүхэн дээд түвшинд хүрч, 3.3 их наяд ам.доллар болсон талаар McKinsey мэдээлжээ. Үүний 1.8 их наяд ам.доллар нь чулуужсан түлш, цахилгаан үйлдвэрлэл болон бага нүүрстөрөгчийн технологид чиглэсэн байна.

Харин үлдсэн 1.5 их наяд ам.долларыг эрчим хүчний үр ашиг, эцсийн хэрэглээ, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний шинэчлэл болон эрчим хүч хадгалах байгууламжид зарцуулжээ.

Цахилгаан үйлдвэрлэлийн хүчин чадал хурдацтай нэмэгдэж байгаа ч дамжуулах, түгээх сүлжээний бүтээн байгуулалт томоохон зах зээлүүдэд хоцорсоор байгааг McKinsey онцолсон байна. Үүнд зөвшөөрөл олгох үйл явц удаашралтай, сүлжээнд холбох хүлээлгийн хугацаа уртсаж байгаа, мөн трансформатор, кабель зэрэг чухал тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн хүндрэл нөлөөлж буй аж.

Хятад нар, салхины суурилагдсан хүчин чадлыг 1 тэрбум кВт-аар нэмнэ

БНХАУ-ын XIV таван жилийн төлөвлөгөөний төгсгөл буюу 2025 оны эцэст нар, салхины эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал 1.84 тэрбум кВт-д хүрчээ. Харин XV таван жилийн төлөвлөгөөний хугацаанд буюу 2026-2030 онд уг хүчин чадлыг жилд дунджаар 200 сая кВт-аар, таван жилийн хугацаанд нийт 1 тэрбум кВт орчмоор нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр 2030 он гэхэд нар, салхины эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 2.8 тэрбум кВт-аас давах юм.

Үүний зэрэгцээ тус улс 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлаа 3.5 тэрбум кВт орчимд хүргэх зорилт тавьжээ. Мөн эрчим хүчний нийт хэрэглээнд чулуужсан бус эх үүсвэрийн эзлэх хувийг 2030 онд 25 хувь, 2035 онд 30-аас дээш хувьд хүргэхээр зорьж байна.

Дата төв Сингапурын эрчим хүчинд хүндрэл учруулна гэж мэргэжилтнүүд үзэв

Сингапурын Тогтвортой эрчим хүчний холбоо (SEAS) өнгөрсөн долоо, наймдугаар сард Зүүн Өмнөд Азийн эрчим хүчний салбарын 100 мэргэжилтний дунд дата төвүүдийн өсөлт, түүний эрчим хүчний салбарт үзүүлэх нөлөөллийн талаар судалгаа явуулжээ.

Судалгаанд оролцогчдын 44 хувь нь дата төвүүдийн хурдацтай өсөлт Сингапурын эрчим хүчний хангамж болон дэд бүтцэд дарамт учруулна гэж үзсэн байна. Харин 31 хувь нь эрчим хүч хадгалах систем, цахилгаан сүлжээний шинэчлэлийн эрэлтийг нэмэгдүүлнэ, 13 хувь нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд түлхэц болно гэжээ. Ердөө 5 хувь нь дата төвийн өсөлтийг шинэ санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж гэж үнэлсэн байна.

Судалгаагаар хиймэл оюун ухааны хэрэглээг эрчим хүчний салбарт нэвтрүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг мөн тодруулжээ. Оролцогчдын 58 хувь нь өгөгдлийн чанар, хүртээмж болон хэрэгжүүлэх зардлыг гол саад гэж үзсэн бол 31 хувь нь зохицуулалтын тодорхойгүй байдлыг онцолсон байна.

Гэсэн хэдий ч мэргэжилтнүүдийн 92 хувь нь ирэх таван жилд хиймэл оюун ухаан Зүүн Өмнөд Азийн эрчим хүчний шилжилтэд чухал эсвэл дунд зэргийн ач холбогдолтой үүрэг гүйцэтгэнэ гэж үзжээ.