E-Sight
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбаа томилогдлоо

Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбаа томилогдлоо

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун, орон тооны зохицуулагч Л.Дашмягмаржав нарын томилолтын хугацаа дууссан бол 2025 онд томилогдсон орон тооны бус зохицуулагч Б.Энхжаргал өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.  

Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний тухай хуулийн 8.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг, тус хорооны орон тооны зохицуулагчаар Б.Амарсанааг, орон тооны бус зохицуулагчаар Б.Ерэн-Өлзий нарыг тус тус хоёр жилийн хугацаатай томилжээ. 

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Л.Жамбаа нь МУИС-ийн Физик электроникийн сургуулийг цөмийн технологич мэргэжилтэй бөгөөд Сөүлийн Үндэсний их сургуульд Эрчим хүчний инженер, бодлогын шинжээчээр магистрын зэрэг хамгаалсан. 

Тэрээр 2008-2009 онд Түлш эрчим хүчний яамны мэргэжилтэн, 2009-2012 онд Эрчим хүчний газрын сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтэн, 2013 онд Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагад дадлагажигч, 2014-2015 онд эрчим хүчний яаманд судлаач инженерээр тус тус ажиллажээ. Мөн 2015-2022 онд Эрчим хүчний зохицуулах хороонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, зах зээлийн судалгаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын ажил үүргийг гүйцэтгэж байв. Түүнчлэн 2022-2024 онд Монголын Эрчим хүчний засаглал хөтөлбөрийн дэд захирал, 2024-2025 онд Эрчим хүчний реформын үндэсний хорооны Ажлын албаны даргаар тус тус ажилласан юм. 

Орон тооны зохицуулагч Б.Амарсанаа нь усан хангамж, ариутгах татуургын инженер мэргэжилтэй. Тэрээр "Монинжбар” компанид даамал, төслийн менежер, төслийн ахлах удирдагч, ерөнхий инженер, ABB группийн "ДЦС-3” төслийн инженер, автокайдын дизайнер, "Пилипп холзманн” компанид төслийн инженер, "Баярс констракшн” ХХК-д зөвлөх инженер, "Н ЭЙ БИ” ХХК-ийн Ерөнхий захирал, Барилга хот байгуулалтын яамны Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төвд хэлтсийн дарга, Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ. Түүнчлэн 2019 онд Эрчим хүчний зохицуулах хорооны орон тооны бус зохицуулагчаар дөрвөн жилийн хугацаатай томилогдож 2023 оныг хүртэл ажилласан. 

Орон тооны бус зохицуулагч Б.Ерэн-Өлзий нь 2003 онд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийг Цахилгаан системийн автоматжуулалтын инженер, 2014 онд Австрали улсын Сиднейн Технологийн их сургуульд Эрчим хүчний бодлого төлөвлөлт мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. 

2004-2005 онд Эрчим хүчний газрын харьяа Эрчим хүчний сургалтын төвд инженер багш, 2005-2009 онд Түлш эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний судалгааны төвд судлаач, инженер, 2009-2010 онд онд Эрчим хүчний газрын Судалгаа, мэдээлэл, үнэлгээний хэлтэст мэргэжилтэн, 2010-2012 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн, 2012-2025 онд Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газарт ахлах мэргэжилтэн, хэлстийн дарга, газрын даргаар тус тус ажилласан. 2025 оны арваннэгдүгээр сард Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож байв.