E-Sight
Оюутолгойд нийлүүлэх СЭХ-ний төслийн аукцион нөгөөдөр болно

Оюутолгойд нийлүүлэх СЭХ-ний төслийн аукцион нөгөөдөр болно

Э.Оджаргал
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

Эрчим хүчний бодлогын зөвлөлийн хурлаар сэргээгдэх эрчим хүчний аукционы талаарх мэдээллийг Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах шинжээч С.Ариунболд (2026.09.22) танилцуулжээ. 

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулснаар шударга, өрсөлдөх зарчмаар аукцион зохион байгуулах эрх зүйн үндэс бүрдсэн. Гэхдээ өрсөлдөөнт сонгон шалгаруулалт (аукцион) зохион байгуулаагүй. Тэгвэл энэ оны зургаадугаар сарын 18-нд манай улсад анх удаа сэргээгдэх эрчим хүчний аукционыг зохион байгуулсан юм. Тус аукционоор таван аймагт нарны цахилгаан станцыг батарей хуримтлуурын хамт барьж байгуулах гүйцэтгэгч шалгарсан билээ. Ингэхдээ Засгийн газраас шаардлагатай хүчин чадал, эрчим хүчний хэмжээг урьдчилан тогтоож, төсөл хэрэгжүүлэгчдээс үнэ болон техникийн нөхцөлийн санал авч өрсөлдүүлсэн. Улмаар шалгарсан оролцогчидтой цахилгаан худалдах, худалдан авах гэрээ (PPA) байгуулав. 

Анхны аукционы хүрээнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Булганы Орхон, Дундговийн Сайнцагаан, Өвөрхангайн Хархорин, Хэнтийн Хэрлэн суманд нийт 220 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц, 135 МВт/440 МВт.цагийн батарей хуримтлуур байгуулна. Өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулахаар зорьж байгаа юм.  Өвөрхангай аймгийн Хархорин суманд барьж буй 30 МВт/100 МВт.цагийн хүчин чадалтай эх үүсвэр барих “Монхорус интернэшнл” ХХК-ийн төслийн гүйцэтгэл хамгийн өндөр буюу 35 хувьтай үргэлжилж байна.

Цаашид Монгол Улс өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хэд хэдэн байршилд нар, салхин цахилгаан станц, том чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 

Зүүн бүсийн эрчим хүчний нийт хэрэглээний 45 хувь нь уул уурхайн компаниудад ногддог, 24 цагийн тогтвортой хэрэглээтэй. Систем нэг үндсэн эх үүсвэрээс хамааралтай. Баруун бүсийн хэрэглээний 83 хувийг ОХУ, БНХАУ-ын импортоор хангадаг бөгөөд чадлын дутагдалтай явж ирсэн. Манай улсын 21 аймаг, 330 сумын хэмжээнд стандарт хэмжээнээс урт цахилгаан дамжуулах шугамтай. Өвлийн их ачааллын хэмжилтээр нийт сумдын 10.3 хувь нь хүчдэлийн уналттай, Эрчим хүчний нэгдсэн сүлжээний дүрэмд заасан доод түвшнээс бага байна. Иймээс зүүн, баруун бүсэд болон сумдын тархмал эх үүсвэрийн аукционыг зарлах шаардлага үүсжээ.  

Уул уурхайн Оюутолгойн үйлдвэрлэл БНХАУ-ын ӨМӨЗО-оос жилд 1.6 тэрбум кВт.цаг эрчим хүч худалдан авч байгаа ба худалдан авсан эрчим хүчний үнэ 2022 оноос хойш 18.8 хувиар өсжээ. Эрчим хүч худалдах авах энэхүү гэрээний хугацаа 2030 онд дуусна. Иймээс говийн бүсэд цахилгаан эрчим хүчийг 99.5 хувийн найдвартай, тогтвортой нийлүүлэх сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийн төслийн бие даасан үйлдвэрлэгчийг аукционы зарчмаар сонгон шалгаруулах урилгыг наймдугаар сарын 13-нд хүргүүлжээ. Тус аукционыг есдүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулахаар товложээ. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөх тарифыг хэлэлцэн баталдаг. 2026 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш мөрдөж буй энергийн тариф 9.81 цент/кВт.цаг байна. Тиймээс энэ долоо хоногийн пүрэв гарагт (2026.09.24) зохион байгуулахаар төлөвлөсөн аукционы гарааны доод үнийг 9.7 цент/кВт.цагаар тогтжээ. “Оюутолгой”-г дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангаснаар цахилгааны импортод жил бүр 120-140 сая ам.доллар төлж байгааг Монголдоо авч үлдэх ач холбогдолтой.  

Аукцион нь хэд хэдэн давуу талтайг ахлах шинжээч С.Ариунболд онцолжээ. Үнийг өрсөлдөөнөөр тогтоож, ил тод, тэгш боломж бүрдүүлдэг. Улс орнууд аукционыг үндсэн найман төрлөөр явуулдаг байна. Тухайлбал, битүүмжилсэн санал авах, үнийн санал бууруулах, олон шалгуурт зарчим ашиглан сонгон шалгаруулдаг. Манай улсын хувьд үндсэн гурван зарчмыг нь ашиглан, холимог загвараар анхны аукционыг явуулжээ. Ингэхдээ Нидерланд, Дани, ХБНГУ, Казахстан зэрэг улсын сайн туршлагыг судалж, нэвтрүүлсэн бөгөөд аукционыг зохион байгуулахдаа ил тод байдал, тэгш мэдээлэл, өрсөлдөөн, ашиг сонирхлын зөрчилгүй байх гэсэн гол зарчим баримталж байна.