Засгийн Газрын 2026 оны 310 тоот тогтоолын хүрээнд Эрчим хүчний яам Говийн бүсийн уул уурхайн жилийн 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүчний хэрэгцээг 99.5 хувийн найдваржилттайгаар хангах, импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээг орлуулах, сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих төслийг хэрэгжүүлэх “бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч” (Independent Power Producers)-ийг шалгаруулах аукцион (2026.09.24) эхэллээ.
Аукционыг “Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу өрсөлдөөнт үнийн саналыг үндэслэн зохион байгуулна. Үнийн дээд хязгаарыг 9.7 цент/кВт.цагаар тогтоосон бөгөөд оролцогчид үүнээс доогуур үнэ санал болгон өрсөлдөж байна.
Оролцогчдод тавигдах шаардлагаас онцолбол.
- Дангаар болон түншлэл хэлбэрээр оролцох боломжтой бөгөөд заавал аукционы дэнчин байршуулсан байх;
- Үндсэн гүйцэтгэгч эсхүл түншлэгчийн хувиар сүүлийн 7 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн, эсхүл хэрэгжилтийн шатанд хэвийн үргэлжилж буй зураг төсөл боловсруулах-худалдан авах-барих (EPC), барих-өмчлөх-ашиглах (BOO), бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч (IPP)-ийн төслийн 1 ба түүнээс дээш гэрээнд оролцсон туршлагатай.
- Цахилгаан эрчим хүч хангамжийн техник, технологийн шийдэл нь үндсэн хэрэглэгчийн хэрэглээ болон хэрэглээний онцлогтой дүйцэхүйц томоохон хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчээр хангах зориулалтад бодитоор ашиглагдаж, найдвартай ажиллагаа нь практик туршлагатай.
- Туршигдаагүй эсхүл ижил төрлийн хэрэглээнд хангалттай нотлогдоогүй технологийг цахилгаан хангамжийн шийдэлд санал болгохгүй.
- Сүлжээний чанарын үзүүлэлт, хүчдэл, давтамжийг тогтмол хянаж тэдгээр нь нэгдсэн сүлжээний дүрэмд заасан хязгаарын хүрээнд байгааг нотлох хэмжилт, тайлагналтын тогтолцоог нэвтрүүлсэн байна.
Өнөөдрийн аукционы ялагч нь Өмнийн говийн уул уурхайн импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр орлуулна. Ингэснээр импортын цахилгаан эрчим хүчний жил бүр зарцуулдаг 120-140 сая ам.долларыг дотооддоо үлдээх эдийн засгийн ач холбогдолтой.
