E-Sight
Дамжуулах шугамд “дусал” залгая

Дамжуулах шугамд “дусал” залгая

Эрчим хүчний чадлын дутагдлыг нөхөхийн тулд шинэ эх үүсвэр олныг, яаралтай барих хэрэгтэй гэж дээр дооргүй ярьцгааж байна. Энэ нь ажил хэрэг болж буйг Монгол Улсад 2024 онд суурилагдсан хүчин чадал 300 МВт аар нэмэгдэж, ойрын гурван жилийн хугацаанд 1000 гаруй МВт хүчин чадал ашиглалтад оруулах бүтээн байгуулалтуудаас харж болно. Харин шинэ эх үүсвэрүүдийн эрчим хүчийг хүлээн авч, ачааллахад дамжуулах шугам сүлжээ бэлэн үү? Монгол орны өргөн уудам нутагт тархан суурьшсан хэрэглэгчдэд хүргэдэг нэгэн чухал “эрхтэн”-ээ төдийлөн анхаарахгүй байх шиг. Цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг зүйрлэвэл зүрхнээс юүлсэн цусыг хүний биеийн бүхий л хэсэгт тараадаг артер, венийн судас юм. 

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ 110, 220 кВ хүчдэлийн 5894.1 км цахилгаан дамжуулах агаарын шугам (ЦДАШ), 82 дэд станцтай. Эдгээрийн 60.3 хувийг ашиглалтын хугацаа дууссан шугамууд эзэлж байна. Нэг ёсондоо тэтгэвэртээ суух ёстой хүмүүсийг албадан ажиллуулж буйтай адил. Тиймээс нэн яаралтай ЦДАШ-ыг сайжруулах, заримыг нь шинээр солихоос аргагүй нөхцөл байдал хэдийн үүссэн. Арав хүрэхгүй жилийн настай “цэл залуухан” гэж болох ЦДАШ нь улсын нийт сүлжээний ердөө 26 хувийг эзэлж байна. 

Нөгөөтэйгүүр том чадлын суурь эх үүсвэрээс алслагдсан, боломжит чадал дамжуулах хүрээ нь хэтэрсэн урт шугамууд ажиллаж байна. Энэ нь эрчим хүчний чанарт сөргөөр нөлөөлдөг гол хүчин зүйлүүдийн нэг. Манай улсын 69 сум урт шугамын төгсгөлд, хүчдэлийн уналттай эмзэг цэгт байрладаг гэсэн судалгаа ч бий. Ийм төрлийн шугамд ачаалал нэмэгдэх үед хүчдэл унаж, ачаалал буурахад өсдөг урвуу хамааралтай. Орой болохоор гэрлийн чийдэн сүүмийгээд бүдгэрчихдэг нь ийм учиртай. Ингэж хүчдэл хэлбэлзэх нь цахилгаан хэрэгслийн насжилтад ч сөрөг нөлөөтэй аж. Жишээлбэл, 15 жил ажиллах боломжтой зурагт 5 жил болоод эвдрэхэд хүргэдэг байна. 

Угтаа бол 110 кВ шугамын үйлчлэх хүрээ дунджаар 100-150 км бол 220 кВ шугамынх 200-300 км байх нь зүйтэй гэж үздэг. ЦДАШ ын нэвтрүүлэх чадал нь түүний хөндлөн огтлол болон уртаас хамаардаг бөгөөд горимын тооцооллоор үйлчлэх хүрээг бодож гаргадаг байна. 

Өнөөг хүртэл хэт урт төдийгүй нэг талын тэжээлтэй 110 кВ шугамуудыг ашигласаар байна. Гэтэл нэг талын тэжээлтэй шугамууд болзошгүй саатал, засварын ажлын үед бүхэлдээ тасардаг. Ганцхан гэмтэл, саатлаас үүдэн хэчнээн мянган хэрэглэгч тэр чигээрээ цахилгаан эрчим хүчээр тасалдана. 

Энэхүү зургаас нэг талын тэжээлтэй шугамын хамрах хүрээ, нөлөөллийн бүсийг харж болно. Улмаар Эрдэнэт, Булганы дамжуулах шугамд гэмтэл гарахад хаа байсан Баянхонгорт байгаа хэрэглэгчийн цахилгаан тасалдана гэсэн үг. 

Улаанбаатар хотын шугамууд дамжуулах ёстой чадлаасаа 1.2-2.3 дахин их ачаалал авдаг байна. Тухайлбал, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний статистикаас харвал 70 МВт дамжуулах чадамжтай шугам хамгийн ихдээ 165 МВт чадал дамжуулсан бол 109.7 МВт даацтай шугам 190 МВт хүртэл ачааллажээ. Энэ байдал удаан үргэлжилбэл дамжуулах шугамын утсанд суналт үүсэж улмаар тасрах нөхцөл байдал үүсдэг байна. 

Монгол Улсын сум суурин бүр эрчим хүчний системд холбогдсон ч найдвартай, чанартай эрчим хүчээр хангагдаж буй эсэх нь эргэлзээтэй гэдгийг нийтлэлд дурдагдсан дээрх баримтууд илтгэнэ. Тиймээс бид эрчим хүчийг дамжуулагч судас болсон шугам сүлжээгээ анзаарч, анхаарч үзэж, шинэчлэн сайжруулах гарц шийдлийг эрэлхийлэх цаг нэгэнт тулжээ. 

“Алсын хараа 2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгохын тулд эрчим хүчээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангасан байхыг чухалчилжээ. Үүнд хүрэхэд цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, шинэ эх үүсвэрийг барина гэнэ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалтад шинээр барих хоёр дэд станц, өргөтгөх дэд станц гурав, мөн шинээр барих 220 кВ хүчдэлийн 1500 гаруй км цахилгаан дамжуулах шугам сүлжээний төслүүдийг тус тус дурджээ. Харин одоо ашиглаж буй насжилт өндөртэй шугам сүлжээг хэрхэн сольж, шинэчилж байгаа талаарх мэдээлэл төдийлөн тодорхойгүй байна. 

Энержи Инсайт сэтгүүлийн 2025 оны 02, 03 дугаар сарын нийтлэл болно.