Эрчим хүчний сайд Б.Найдалаагаар ахлуулсан ажлын хэсэг 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор Орхон аймагт (2026.10.03) ажиллаж байна. Ажлын хэсэгт Эрчим хүчний яамны Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Л.Мөнхцог, Гэрээ, эрх зүйн газрын ахлах шинжээч Б.Нармандах болон “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу тус тус багтжээ.
Ажлын хэсэг Орхон аймгийн дулаан, цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагаа, төлөвлөгөөт болон их засварын ажлын хэрэгжилт, нүүрс, түлшний нөөц, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний өргөтгөл, техникийн бэлэн байдлын асуудлаар холбогдох станц, компанид ажиллаж байна.
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Хангайн бүсийн салбарын ажилчидтай Эрчим хүчний сайд Б.Найдалаа уулзалт хийж, салбарт хэрэгжүүлж буй “139” шинэчлэлийн бодлого, шилжилтийн стратегийг танилцуулав.
Тус уулзалтын үеэр Хангайн бүсийн салбарын дарга Б.Баттулгын танилцуулсан илтгэлээс салбарын үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдлын талаар онцлох мэдээллийг хүргэе.
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Хангайн бүсийн салбарын суурь анх 1974 онд Эрдэнэт үйлдвэрийг цахилгаан эрчим хүчээр хангах зорилготой 220 кВ цахилгаан дамжуулах шугам, 110/6 кВ дэд станц ашиглалтад орсноор тавигджээ.
Улмаар 2012 оны зургаадугаар сараас эхлэн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн “Хангайн бүсийн салбар” нэртэй болсон. Өдгөө 6 алба, 2 хэсгийн бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулж байна. Хангайн бүсийн салбарт 110-220 кВ хүчдэлийн 2056.9 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, 12 дэд станц харьяалагддаг. Эдгээр дэд бүтцээр дамжуулан зургаан аймгийн төв, 150 гаруй сум, суурины 143 мянган айл өрх, 19.5 мянган аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна.

Хангайн бүсийн салбар 2026 оны эхний есөн сарын байдлаар 1,456.9 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг дамжуулжээ. Үүний 1.3 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг дотоодын хэрэгцээнд зарцуулсан бол эрчим хүчийг дамжуулах шугам, трансформаторын алдагдал 65.4 сая кВт.цаг байна.
Харин 2026-2027 оны өвлийн бэлтгэл ажлын хүрээнд хийхээр төлөвлөсөн төлөвлөгөөт засварын ажлуудаас их засвар 91.6 хувьтай явж байгаа бол урсгал засварын ажил 98.2 хувьтай үргэлжилж байгаа аж.
Түүнчлэн Хангайн бүсийн салбарт дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжиж байна. Мөн үйлдвэр, технологийн паркийн цахилгаан хангамжийг шийдэх зориулалттай 220/110/35 кВ Оюут дэд станц болон 220 кВ хүчдэлийн хоёр хэлхээ цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажил 98 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус дэд станц дээр энэ сард техникийн комисс ажиллахаар төлөвлөжээ. Уг дэд станц ашиглалтад орсноор Орхон аймгийн төдийгүй, бүс нутгийн шинэ бүтээн байгуулалт, дэд бүтэц, хэрэглэгч холбогдох боломж бүрдэх аж.
