E-Sight
Оюут дэд станц арваннэгдүгээр сард ашиглалтад орно

Оюут дэд станц арваннэгдүгээр сард ашиглалтад орно

Засгийн газрын тогтоолоор Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийг түшиглээд уул уурхайн металлург Үйлдвэр технологийн парк байгуулж байна. Энэ хүрээнд техник, эдийн засгийн үндэслэл нь батлагдсан таван үйлдвэр цогцлоох юм. Тухайлбал, Зэсийн баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэр, Молибдений баяжмал боловсруулах үйлдвэр, кабель утасны үйлдвэр, Катодын зэс боловсруулах үйлдвэр, Эрдэнэт машин үйлдвэрийн цогцолбор багтаж байна. 

Үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангахад 97 МВт суурилагдсан чадал шаардлагатай. Үйлдвэр технологийн паркийн цахилгаан хангамжийн бүтээн байгуулалт таван гол ажлаас бүрдэх аж. 

  • Эрдэнэт дэд станцын өргөтгөл 
  • Оюут дэд станц 
  • 220 кВ цахилгаан дамжуулах агаарын шугам 
  • 110 кВ цахилгаан дамжуулах агаарын шугам 22.9 км
  • Үйлдвэр технологийн паркийн дэд станц 

Эдгээр бүтээн байгуултыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 129.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн босгож байна. 

Тэгвэл Оюут дэд станцын бүтээн байгуулалтыг энэ оны арваннэгдүгээр сард дуусах төлөвлөгөөтэйгөөр 2025 оны тавдугаар сараас эхэлсэн. Дэд станцын барилга угсралтын ажил төлөвлөсний дагуу хийгдсэний үндсэн дээр аравдугаар сарын наймны өдөр техникийн комисс ажиллана. 

2х200 МВА хүчин чадалтай 220/110/35 кВ Оюут дэд станц баригдснаар Монгол Улсын дөрөв дэх том чадлын дэд станц болох юм. Уг дэд станц ил хуваарилах байгууламжууд, хоёр трансформатор, хоёр ширхэг 50 МВА хүчдэл тохируулагч (SVG)-аас бүрдэнэ. Оюут дэд станц улсын хэмжээнд анх удаа хүчдэл тохируулагч буюу SVG-тэй баригдаж буйгаараа онцлогтой. 

Оюут дэд станц ашиглалтад орсноор Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөл шинэчлэлийн төслүүдийг хангах төдийгүй Эгийн голын усан цахилгаан станц энд холбогдох аж. Түүнчлэн, Хангайн бүсээс тэжээгддэг 10 аймаг, 140 сумын цахилгаан эрчим хүчний чанар, хүртээмж сайжирч хүчдэлийн уналт буурах давуу талтай. 

Оюут дэд станцын зураг төслийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Зураг төслийн хүрээлэн хийж боловсруулжээ. Дэд станцын цаашдын ашиглалтыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК хариуцан ажиллана.

Эрчим хүчний сайд Б.Найдалаагаар ахлуулсан өвөлжилтийн бэлтгэл хангуулах чиглэл бүхий ажлын хэсэг Орхон аймагт ажиллах үеэр Оюут дэд станцын бүтээн байгуулалттай (2026.10.04) танилцлаа. Ажлын хэсэгт Эрчим хүчний яамны Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Л.Мөнхцог, Гэрээ, эрх зүйн газрын ахлах шинжээч Б.Нармандах болон “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу нар ажиллав.