Байдрагийн усан цахилгаан станцын төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжүүлэх гэж байна. Эдийн засаг, хөгжлийн яамнаас 30 МВт хүчин чадалтай энэхүү усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтыг (2026.10.12) зарлажээ.
Хувийн хэвшлийн түншлэгч нь Байдрагийн усан цахилгаан станцын зураг төсөл боловсруулах, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр төслийг хэрэгжүүлэх аж.
Төслийн нийт төсөвт өртөг 53.5 сая ам.доллар байх бол нийт хугацаа 29.4 жил, үүнээс барилга угсралтын үе шат 4.4 жил, ашиглалтын үе шат 25 жил байхаар тооцжээ.
Байдрагийн усан цахилгаан станцын төсөлд төрийн зүгээс хэд хэдэн дэмжлэг үзүүлнэ. Тухайлбал, холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших, ашиглах эрхээр хангах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг ашиглах эрх олгох зэргийг дурджээ. Мөн түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын баталгаа шаардлагатай тохиолдолд түүний хэлбэр, хамрах хүрээ, нөхцөлийг холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэр болон түншлэлийн гэрээний дагуу тодорхойлохоор заасан байна.
Төслийн сонгон шалгаруулалтад оролцох саналыг 2026 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 15:00 цагаас өмнө хүлээн авна. Түншлэл олгох сонгон шалгаруулалтыг нэг үе шаттайгаар зохион байгуулах аж. Сонгон шалгаруулалтад Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, тэдгээрийн нэгдэл оролцох нь нээлттэй.
Байдрагийн усан цахилгаан станцын төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах урилгатай энд дарж танилцана уу.
