E-Sight
Эгийн голын УЦС-ын горимыг экологийн шаардлагад нийцүүлэн тогтоох боломжтой

Эгийн голын УЦС-ын горимыг экологийн шаардлагад нийцүүлэн тогтоох боломжтой

“Эгийн голын усан цахилгаан станц төслийн Байгал нуур болон Сэлэнгэ мөрөнд үзүүлэх болзошгүй нөлөөллийн байгаль орчны иж бүрэн үнэлгээ” сэдэвт Монгол-Оросын хамтарсан судалгааны ажлыг хоёр улсын эрдэмтэд өнгөрсөн онд эхлүүлсэн. Судалгаа нь Эгийн голын УЦС төслөөс Дэлхийн байгалийн өв болох Байгал нуур болон Сэлэнгэ мөрний экосистемд үзүүлж болзошгүй нөлөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ боловсруулах, экологийн шаардлагад нийцсэн усан цахилгаан станцын ашиглалтын горимыг тодорхойлох зорилготой. 

Монгол, Оросын эрдэм шинжилгээний байгууллагуудын судлаач, мэргэжилтнүүдийн  хамтарсан Ажлын хэсэг 2025-2026 онд гурван үе шаттайгаар судалгаа хийжээ. Энэ хүрээнд ус судлал, усан орчны болон хуурай газрын экосистем, морфодинамик, эрчим хүчний системийн загварчлал, салбар дундын судалгааны чиглэлээр шинжилгээний ажлуудыг гүйцэтгэсэн байна. Тэгвэл ОХУ-ын Эрхүү мужийн Листвянкад аравдугаар сарын 14-16-ны өдрүүдэд Монгол болон Оросын шинжээч, Ажлын хэсгийн удирдлага, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл, судлаач, мэргэжилтнүүд 2025-2026 онд гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүнг хэлэлцжээ. Хэлэлцүүлгийн үр дүнд Монгол–Оросын хамтарсан судалгааны тайлангийн төслийг шинжээчдийн санал, зөвлөмжийг тусгах нөхцөлтэйгээр зарчмын хувьд дэмжиж, тайлангийн холбогдох хэсгүүдийг энэ оны аравдугаар сарын 27-ны өдрийн дотор эцэслэхээр шийдвэрлэсэн байна.  Мөн хамтарсан судалгааны нэгдсэн дүгнэлтийг ирэх арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн дотор харилцан тохиролцохоор тогтжээ. 

Энэхүү хуралдааны үр дүнд Монгол-Оросын хамтарсан шинжээчдийн Ажлын хэсгээс Эгийн голын УЦС-ын ашиглалтын горимыг экологийн шаардлагад нийцүүлэн тогтоох боломжтой хэмээх дүгнэлт гарсан байна. Тиймээс талууд 2027 оноос Эгийн голын УЦС төслийн хэрэгжилтийн үе шатуудад байгаль орчны урт хугацааны иж бүрэн мониторингийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хурлын протоколд тусгажээ. 

Хамтарсан судалгааны үр дүн, дүгнэлтийг 2026 оны арванхоёрдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж буй Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 28 дугаар хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байна.

Монгол Улсын БОУАӨ-ийн сайд, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд нар 2024 оны есдүгээр сарын 3-нд “Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байдаг. Тус санамж бичгийн хүрээнд Хоёр тал өөрийн улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн судалгааны үр дүнг нэгтгэн, төслийн болзошгүй нөлөөллийн талаар хамтарсан дүгнэлт гаргах зорилгоор судалгааны нэгдсэн тайланг боловсруулаад байна.