E-Sight
Багануурт 50 МВт чадалтай хоёр дахь батарей хуримтлуур ашиглалтад орно

Багануурт 50 МВт чадалтай хоёр дахь батарей хуримтлуур ашиглалтад орно

Нийслэлийн Багануур дүүрэгт ROX Energy Global компани 60 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 50 МВт чадалтай, 200 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн  гүйцэтгэл 80 хувьд хүрчээ. 

Энэ оны зургаадугаар сард барилга угсралтын ажил эхэлсэн бөгөөд 12 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төслийн хүрээнд батарей хуримтлуур, 220/35 кВ дэд станц, цахилгаан дамжуулах шугам болон одоогийн дэд станцын өргөтгөлийн ажлууд хийгдэж байгаа аж. 

Ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг “Richwell” компаниар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан бөгөөд ашиглалтын үед ойролцоогоор 18 ажлын байр бий болгохоор төлөвлөжээ.

Уг батарей хуримтлуур Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай, тогтвортой ажиллагааг сайжруулахад хувь нэмэр оруулна. Тухайлбал, хэрэглээ бага үед цахилгаан эрчим хүчийг хуримтлуулж, оргил ачааллын үеэр системд нийлүүлэх замаар эрчим хүчний системийн үр ашгийг дээшлүүлнэ.

Цаашлаад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн үйлдвэрлэлийн хэлбэлзлийг тэнцвэржүүлж, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр системийн давтамж, хүчдэлийн тохируулгыг сайжруулж, найдвартай ажиллагааг нэмэгдүүлнэ.

Мөн импортын цахилгаан эрчим хүчнээс хамаарах хамаарлыг тодорхой хувиар бууруулах боломжтой юм.