E-Sight
2026 оны эрчим хүчний татаасыг 186.2 тэрбумаар нэмлээ

2026 оны эрчим хүчний татаасыг 186.2 тэрбумаар нэмлээ

2026 оны Улсын төсвийн тодотголоор эрчим хүчний салбарт 186.2 тэрбум төгрөг нэмж зарцуулахыг УИХ дэмжиж баталлаа. 

Үүний 107 тэрбумыг айл өрхийг цахилгаан эрчим хүчний үнийн дарамтаас чөлөөлөхөд зориулна гэж байна. Энэ нь импортын эрчим хүчинд төлөх төлбөр аж. Хэрэв энэ мөнгийг олгохгүй бол иргэдийн цахилгаан болон дулааны эрчим хүчний үнийг нэмэхээс аргагүй нөхцөл байдалд хүрэх гэнэ. 

Харин станцын тоноглол, дамжуулах, түгээх тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлд үлдсэн 78.9 тэрбум төгрөгийг хуваарилжээ. Сүүлийн жилүүдтэй харьцуулахад эрчим хүчний салбарт хийж буй хамгийн өндөр хөрөнгө оруулалт гэдгийг Засгийн газар онцолж байна.

Энэ талаар ЭХЗХ-ны дарга Л.Жамбаа “Энэ оны төгсгөл буюу 12 дугаар сар хүртэл цахилгаан эрчим хүчний үнийг 10 орчим хувь, дулааны үнийг 68 хувиар нэмж байж шаардлагатай хөрөнгө оруулалт буюу 490 орчим тэрбумын хөрөнгө оруулалт бүрдүүлэх шаардлагатай байна гэж тооцож байсан. Тиймээс Засгийн газраас он дуустал эрчим хүчний салбарт 186.2 тэрбум төгрөгийн татаасыг улсын төсвийн тодотголоор баталж өглөө. Эрчим хүчний салбар алдагдалтай учраас жил бүр татаас хүсдэг. Энэ жил шиг их хэмжээгээр татаас өгч байсан тохиолдол байхгүй. Тухай бүрд нь буюу тухайн станц, тухайн асуудлыг шийдэхэд шаардлагатай байгаа татаас өгдөг жишгээр явж байсан.” хэмээн ярилаа. 

Түүнчлэн Засгийн газар станцуудын урсгал засваруудыг бүрэн шийдэхийн зэрэгцээ Оюутолгойн ногдол ашгаар 300 МВт хүчин чадалтай VI дулааны цахилгаан станц барих саналаа Ерөнхий сайд танилцуулаад байгааг мэдэгдсэн. Гэсэн хэдий ч Сангийн сайд З.Мэндсайхан "Оюу толгойн ногдол ашгийг 56 мянган иргэн хуримтлалын санд хадгалах, 30 мянган иргэн эрчим хүчний дэд бүтцэд зарцуулах санал өгсөн байна. Тиймээс Засгийн газар Оюу толгойн ногдол ашгаар эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах хуулийн төслийг эргүүлэн татна." хэмээгээ байна.