Дархан-Уул аймгийн “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д техникийн гэмтэл гарч, үйл ажиллагаа нь бүрэн (2026.10.29) зогссон байна. Станцын ерөнхий хуваарилах байгууламжийн вакум таслуурт гэмтэл үүсэж, цахилгаан нум үүссэний улмаас гал гарах нөхцөл бүрдсэн гэх урьдчилсан дүгнэлт гарчээ. Тухайн үед хамгаалалтын систем автоматаар ажиллаж, гэмтэл даамжрахаас сэргийлэн станцын тоноглолуудыг бүхэлд нь зогсоох арга хэмжээ авсан аж.
Өнөөдөр 15:00 цагийн байдлаар гэмтэл гарсан хэсгийн тоноглолыг тусгаарлаж, Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнээс хүчдэл авч станцын үйл ажиллагааг сэргээсэн (2026.10.29) байна. Үр дүнд нь дөрвөн зуух, гурван турбин 30 МВт чадлаар ачааллаж эхэлжээ. Ингэснээр Дархан-Уул аймгийн дийлэнх хэсгийн дулаан, цахилгаан хангамж хэвийн горимд шилжсэн. Түүнчлэн станцын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх ажил 70 хувьтай үргэлжилж байна.

Тус компанийн Гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан “Дарханы дулааны цахилгаан станц 61 жилийн өмнө ашиглалтад орсон тул станцын насжилттай холбоотойгоор техникийн гэмтэл гарсан. Цаашид Дархан-Уул аймагт шинэ дулааны цахилгаан станц барих, одоо ашиглаж буй тоног төхөөрөмжийг шинэчлэх, гэмтсэн тоноглолыг шинээр худалдан авах шаардлагатай” гэдгийг хэлжээ.
Ерөнхий инженер Б.Батжаргал “Станц 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлээ хангасан. Гэвч ашиглалтын хугацаа дууссан тоног төхөөрөмжийн ачаалал хэвийн хэмжээнээс 2-3 дахин өндөр байгаа нь цаашид томоохон эрсдэл үүсгэж болзошгүй” хэмээн нөхцөл байдлыг үнэлсэн байна.
Дарханы дулааны цахилгаан станц нь 1965 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Дархан хотын дулаан хангамжийн үндсэн эх үүсвэр юм. Өнгөрсөн онд Дарханы станцын зуух 3 удаа аваарын, 33 удаа бусад шалтгааны улмаас зогссон бол турбин нь мөн 3 удаа аваарын, 16 удаа бусад шалтгаанаар зогсож байжээ.
Тус станц 2025-2026 оны өвлийн их ачаалалд 61 МВт чадлаар оролцож ачааллын 3.5 хувийг хаажээ. Энэ нь тус станц нийт суурилагдсан хүчин чадлынхаа 73.5 хувиар ачаалласан гэсэн үг. Түүнчлэн 2025 онд нийт 431.0 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж улсын нийт үйлдвэрлэлийн 4.8 хувийг бүрдүүлсэн байна. Тус станц нийт үйлдвэрлэлийнхээ 14 хувийг дотоодын хэрэгцээнд зарцуулдаг аж.
Өнгөрсөн онд 749.7 мянган Гкал дулаан үйлдвэрлэжээ. Тухайн жил эрчим хүчний үйлдвэрлэлдээ нийт 583.9 мянган тонн нүүрс зарцуулсан байна.

