Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр (2026.11.04) танилцууллаа.
Тэрбээр хэлэхдээ, "Засгийн газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, олон улсын байгууллага хамтран өрхийн нүүрсний хэрэглээг бууруулах уриалгад өчигдөр (2026.11.03) нэгдлээ. Энэ хүрээнд 2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч Улаанбаатар хотын хамгийн их утаатай зургаан бүсийн 73 мянган айлаас 7 мянгаас 10 мянган айлыг сонгож, янданг буулгах ажлыг эхлүүлнэ. Арваннэгдүгээр сарын 20-нд иргэд болон хэвлэл мэдээллийнхэнд зориулан энэ өвөл ямар технологи нэвтрүүлэх тухай мэдээллийг нээлттэй өгнө.
Энэ нь цахилгаанд суурилсан дулаан хураагуур байна. Гэр хорооллын бүсэд оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цагт 0 төгрөгийн тарифтай байдаг. Энэ цагт цахилгаанаар дулаан хуримтлуулж, өдрийн цагаар гэрийг дулаан байлгах төслийг туршиж байгаа. Үүнийг зуух тараахтай адилтгаж болохгүй. Харин арилжааны банкнуудтай хамтарч, иргэдтэй зээлийн таатай нөхцөлтэй сувгийг үүсгэж, ногоон зээлийг нэвтрүүлэх юм.
Мөн гэр хорооллын айлууд цахилгаанаар дулааныг шийдэхээр бол эх үүсвэрийн өргөтгөлүүдийг хийнэ. Өнөөдөр дэнж дээр байгаа айлуудын хүчдэл идэвхтэй үед утас цэнэглэх ч боломжгүй тохиолдол байдаг. Иймээс эрчим хүчний бие даасан сүлжээ буюу нарнаас цахилгаан эрчим хүч гаргах төслүүдийг НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлнэ.
Үүнээс гадна томоохон цахилгаан станц барихаас илүүтэй батарей хураагуурыг Шар хад, Баянхошуу, Зүүн салаа, Баруун салаа, Толгойт, Дарь-Эх, Долоон буудал зэрэг гэр хорооллын бүсэд байгуулахаар төлөвлөж байна.
5 мянган айлыг хийн зуухад шилжүүлсэн ажлын үр дүнд агаарын чанар сайжрахад тодорхой нөлөө үзүүлж байна.
Улаанбаатар хотын айл өрхүүд 2026-2027 хүйтний улиралд 280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэхээр төлөвлөж байна. Шахмал түлшийг өмнө нь мидлингээр хийдэг байсан бол энэ жил "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайн угааж баяжуулсан нүүрсээр хийнэ. Ингэснээр тоосжилт, хүхэр багасах юм.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдлын хэмжээ 10-14 хувиар буурсан нь олон улсын байгууллагуудын судалгаа харуулж байна.
Утааг бууруулах хамгийн үр дүнтэй арга бол орон сууцжуулах байдаг. Харамсалтай нь дахин төлөвлөлтөөр хохирсон хоёр мянга орчим иргэн байна. Үүнтэй холбоотой Засгийн газраас Ажлын хэсэг байгуулагдаж, хохирсон иргэдийн хохиролгүй болгох шийдвэр гаргахад бэлэн болсон" гэв.
