Монгол Улсын хэлэлцээний баг COP31 бага хурлын хүрээнд Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлд заасан нүүрстөрөгчийн зах зээлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, уур амьсгалын санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар хэлэлцээнд оролцохоор төлөвлөж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-наас мэдээллээ.
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал буюу COP31 Туркийн Анталья хотод арваннэгдүгээр сарын 9-20-нд болно. Бага хурлын өндөр дээд түвшний хуралдаанд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир нар оролцох юм.
Бага хурлыг угтан БОУАӨЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Намхайринчэн тэргүүтэй төлөөлөгчид Анталья хотод болсон “77-гийн бүлэг ба Хятад” (G77 and China)-ын бэлтгэл хуралд 2026.11.7-8) оролцжээ.
Хурлаар COP31-ийн хүрээнд хэлэлцэх тэргүүлэх асуудлууд, хөгжиж буй орнуудын нэгдсэн байр суурь, хэлэлцээнд баримтлах стратеги болон хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
“77-гийн бүлэг ба Хятад” нь дэлхийн 130 гаруй хөгжиж буй орныг нэгтгэж, уур амьсгалын хэлэлцээнд тэдгээрийн нийтлэг ашиг сонирхлыг төлөөлдөг. Тус бүлэг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, технологи дамжуулах, нүүрстөрөгчийн зах зээл, алдагдал, хохирол, шударга шилжилт болон уур амьсгалын санхүүжилтийн асуудлаар нэгдсэн байр суурь боловсруулж, олон улсын хэлэлцээнд оролцдог юм.
Мөн Монгол Улсын хэлэлцээний баг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, байгаль орчны олон улсын конвенц, хэлэлцээрүүдийн хэрэгжилтийн уялдааг хангах асуудлыг тэргүүлэх чиглэлээ болгон COP31 хуралд оролцох аж.
