“Тархмал эх үүсвэрийн бизнес эрхлэгчид болон Хэрэглэгчдийн холбоо” ГҮТББ-аас илүүдэл цахилгааныг түгээх сүлжээнд нийлүүлэхэд мөрдөх тарифын цагийн хуваарийг шинэчлэх хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хороонд өнгөрсөн долоо хоногт хүргүүлжээ. Тус холбоо уг хуваарийг айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлт үйлчлэх 21:00–09:00 цагийн хуваарьтай уялдуулахыг хүссэн байна.
Албан бичигт дараах хүсэлтийг дурджээ.
"Тархмал эх үүсвэрийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бизнес эрхлэгчид болон Хэрэглэгчдийн холбооны гишүүдээс нарны цахилгаан үүсгүүртэй айл өрхийн илүүдэл цахилгаан эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэхэд мөрдөж буй цагийн тарифын тооцоололтой холбоотой санал, гомдол олноор ирүүлж байна.
Айл өрхийн сүлжээнээс худалдан авсан цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт 21:00–09:00 цагийн хооронд үйлчилж байгаа бол түгээх сүлжээнд нийлүүлсэн илүүдэл цахилгаан эрчим хүчийг 06:00–17:00 цагт 285 төгрөг/кВт.ц, 17:00–22:00 цагт 300 төгрөг/кВт.ц байхаар тооцож байна. Энэ нь худалдан авсан болон нийлүүлсэн цахилгаан эрчим хүчний цагийн тарифын ангилал зөрүүтэй байгааг харуулж байна. Тухайлбал, 06:00–09:00 цагийн хооронд нийлүүлсэн эрчим хүчийг өдрийн тарифаар, 21:00–22:00 цагийн хооронд нийлүүлсэн эрчим хүчийг оргил цагийн тарифаар тооцож байгаа бол 22:00–06:00 цагийн хооронд нийлүүлсэн эрчим хүчний тарифын тооцоолол тодорхойгүй байна.
Нарны цахилгаан үүсгүүртэй айл өрх нь өөрийн хэрэглээнээс давсан цахилгаан эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэхийн зэрэгцээ шаардлагатай үед сүлжээнээс цахилгаан эрчим хүч худалдан авдаг. Иймд эдгээр хоёр чиглэлийн цахилгаан эрчим хүчний хэмжээг тус тусад нь бүртгэж, цагийн тарифаар тооцохын тулд ухаалаг тоолуур ашиглах шаардлага үүсэж байна. Энэ нь хэрэглэгчдэд одоо ашиглаж буй тоолуураа шинэчлэх, эсвэл шинээр худалдан авахтай холбоотой нэмэлт зардал бий болгох нөхцөл болж байна.
Иймд ухаалаг тоолуур ашиглан хэрэглэгчийн түгээх сүлжээнээс худалдан авсан болон түгээх сүлжээнд нийлүүлсэн цахилгаан эрчим хүчийг цагийн тарифаар тооцохдоо цагийн ангиллыг харилцан уялдуулж, айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтийн 21:00–09:00 цагийн хуваарьтай нийцүүлэн илүүдэл цахилгаан эрчим хүчний тарифын цагийн хуваарийг шинэчилж өгөхийг хүсье" гэжээ.

