Арваннэгдүгээр сарын 11-ний Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд Н.Учрал шөнийн цахилгааны хөнгөлөлтийг бууруулсан хэмээн Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ны шинэ даргыг хатуухан зэмлэв. Хуралдааны бичлэг Баасан гарагт хэвлэлээр тарж, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг ЭХЗХ-ны аравдугаар сарын шийдвэрийг шүүмжилсэн бол Эрчим хүчний сайд Б.Найдалаа маргаан өндөр хэрэглээтэй цөөн өрхийн гомдлоос үүдсэн гэж тайлбарлав. Тэр орой 18:52 цагт ЭХЗХ цахим хуудсандаа “Гэр хорооллын шөнийн хөнгөлөлт хэвээр үргэлжилж байна” хэмээн мэдээлжээ.
Цахилгааны тариф хэвээр байсан ч шөнийн хөнгөлөлтийг бууруулбал зарим өрхийн төлбөр өснө. Тэгвэл хөнгөлөлтийг бууруулсан шийдвэр хэзээнээс үйлчилсэн бэ? Өмнөх нөхцөлийг хэдийд сэргээсэн, өөрчлөлт хэрэгжсэн бол айл өрхийн төлбөр хэдээр нэмэгдэх байв?
10-р сард гарсан шийдвэр, 11-р сарын тайлбар
ЭХЗХ аравдугаар сарын 7-ны өдрийн шийдвэрээр шөнийн цахилгааны хэрэглээнд бүрэн хөнгөлөлт үзүүлэх дээд хэмжээг бүх өрхөд сард 1500 кВт.цаг байхаар тогтоожээ. УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн арваннэгдүгээр сарын 13-нд өгсөн мэдээллээр, уг шийдвэрээр 380 В хүчдэлд холбогдсон өрхийн 3000 кВт.цагийн хязгаарыг 1500 болгон бууруулж, дээд хязгаараас давсан хэрэглээнд үзүүлдэг 50 хувийн хөнгөлөлтийг мөн цуцалсан байна. Ингэснээр 380 В хүчдэлтэй өрхийн 1500 кВт.цагаас давсан шөнийн хэрэглээний төлбөр өсөхөөр байв. Мөн 220 В хүчдэлд холбогдсон өрхийн сарын дээд хязгаар хэвээр байсан ч түүнээс давсан хэрэглээнд өмнө эдэлж байсан хөнгөлөлт үйлчлэхгүй болох байлаа.
Арваннэгдүгээр сарын 11-ний хуралдаанд Ерөнхий сайд Н.Учрал дулаан, цахилгааны үнийг нэмэхгүй гэсэн Засгийн газрын шийдвэрийг төсвийн тодотголд тусгасныг сануулж, шөнийн хөнгөлөлтийг яагаад бууруулсныг ЭХЗХ-ны даргаас асуусан. Харин арваннэгдүгээр сарын 13-нд салбарын сайд Б.Найдалаа уг өөрчлөлт 10 мянган кВт.цагаас дээш хэрэглээтэй, их хэмжээний хөнгөлөлт авдаг цөөн өрхөд хүнд туссан гэж тайлбарлаж, дэлгэрэнгүй мэдээллийг ЭХЗХ-ноос авахыг зөвлөсөн юм.
Энд цаг хугацааны хувьд нэг зөрүү гарч байна. Эрчим хүчний сайдын зөвлөх Г.Ёндонгомбо өөрийн цахим хуудсанд “Цахилгааны шөнийн хөнгөлөлтийн асуудлаар өнгөрсөн Даваа гарагт хуучнаар нь үлдээх шийдвэрийг ЭХЗХ гаргасан шүү дээ” гэж бичжээ. Түүний дурдсан Даваа гараг нь арваннэгдүгээр сарын 9. Хэрэв ЭХЗХ тэр өдөр өмнөх нөхцөлийг сэргээсэн бол Засгийн газрын хуралдаанаас хоёр хоногийн өмнө шийдвэрээ өөрчилсөн болж таарна.
ЭХЗХ арваннэгдүгээр сарын 13-ны орой нийтэлсэн мэдээлэлдээ 220 В хүчдэлд холбогдсон өрхийн сарын 1500 кВт.цаг хүртэлх, 380 В хүчдэлд холбогдсон өрхийн 3000 кВт.цаг хүртэлх шөнийн хэрэглээг 100 хувь, түүнээс давсан хэрэглээг 50 хувь хөнгөлөхөөр тайлбарласан. Энэ мэдээлэл хөнгөлөлтийн нөхцөлийг тодорхой болгож байна. Харин уг нөхцөл хэдийд хүчин төгөлдөр болсон, аравдугаар сарын шийдвэр өөрчлөгдсөнтэй холбоотой хөнгөлөлтөд төсөвлөсөн мөнгөн дүн хэрхэн өсөх зэргийг нягтлах шаардлагатай болж байна.
Хөнгөлөлт хэнд, хэр хэмжээгээр хүрдэг вэ?
Гэр хорооллын айлыг шөнийн цагаар цахилгаанаар халаах боломжийг нэмэгдүүлж, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор шөнийн тарифын хөнгөлөлтийг 2017 оноос үзүүлж эхэлсэн билээ. Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу 10 мянгаас дээш хүн амтай хот, сум, суурингийн гэр хорооллын өрхүүд уг хөнгөлөлтөд хамрагддаг. Хөнгөлөлт хэрэгжих хугацаа, хамрагдах хэрэглэгчид, хэрэглээний дээд хязгаарыг ЭХЗХ жил бүр тогтоодог.
Албан ёсны мэдээллээр 2024-2025 оны өвөл 210 мянга, 2025-2026 оны өвөл 234 мянган өрх энэхүү хөнгөлөлтийг эдэлжээ. Энэ өвөл 289 мянган өрхийг хамруулахаар тооцож, 94.8 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Хамрагдахаар тооцсон өрхийн 271 мянга нь 220 В хүчдэлийн түвшинтэй бол 18 мянга буюу 6.2 хувь нь 380 В хүчдэлд холбогджээ. Өөрөөр хэлбэл, 18 мянган өрх сарын 3000 кВт.цаг хүртэлх шөнийн хэрэглээгээ бүрэн хөнгөлүүлэх боломжтой гэсэн үг.
Харин хэрэглээний задаргаа өөр дүр зураг харуулж байна.
|
Цахилгааны хэрэглээ |
Өрхийн тоо |
|
0–1500 кВт.цаг |
281,916 |
|
1501–3000 кВт.цаг |
5,147 |
|
3001 кВт.цаг ба түүнээс дээш |
2,499 |
Энэхүү задаргаанаас харвал, нийт өрхийн 97 хувийн хэрэглээ 1500 кВт.цаг дотор, 7646 өрхийн хэрэглээ түүнээс давжээ. Гэхдээ 380 В хүчдэлд холбогдсон өрхүүд эдгээр ангилалд хэрхэн хуваарилагдсан нь тодорхойгүй. Тиймээс 3000 кВт.цагийн дээд хязгаарыг бууруулахад яг хэдэн өрхийн төлбөр өсөх байсныг энэ хүснэгтээс харах боломжгүй юм. Мөн сайдын дурдсан 10 мянган кВт.цагаас дээш хэрэглээтэй өрх ердөө 101 байна.
94.8 тэрбум төгрөг буюу төсвөөс төлж буй хөнгөлөлт өрхийн халаалтын сонголтыг хэрхэн өөрчилж, агаарын бохирдлыг бууруулахад ямар үр нөлөө өгч байна вэ?
Хэрэглээнд цахилгаанаар халаах талбай, сууцны дулаан алдагдал, халаалтын төхөөрөмж, тухайн сарын хүйтрэл бүгд нөлөөлнө. Иймээс 1500 кВт.цагийн босго цахилгаанаар халаадаг өрхийн өвлийн хэрэгцээг хангаж чадах эсэх, түүнээс давсан хэрэглээний төлбөр нэмэгдэхэд өрх халаалтаа хэрхэн өөрчлөхийг тооцох учиртай. Хэрэв зардал өссөнөөс өрхүүдийн зарим нь эргээд нүүрс түлж эхэлбэл, төсвийн хэмнэлт болон агаарын бохирдлыг бууруулах зорилготой зөрчилдөнө.
Шөнийн хөнгөлөлтөд хэдэн өрх хамрагдсаныг жил бүр мэдээлдэг. Харин төсөвлөсөн 94.8 тэрбум төгрөг хэрэглээний бүлэг бүрд хэрхэн хуваарилагдах, хөнгөлөлтийн дүнд хэдэн өрх цахилгаан халаалтад шилжиж, нүүрсний хэрэглээ хэр буурч байгааг мэдэж байж дээд хязгаарыг өөрчлөх үндэслэлийг зөв буруу эсэхийг дүгнэх боломжтой болно.
Энэ удаагийн маргаанаас гарч ирж буй гол асуулт нь 1500 эсвэл 3000 кВт.цагийн аль нь зөв бэ гэхээс илүү өргөн агуулгатай юм. Шөнийн тарифын хөнгөлөлтийн хязгаарыг 1500 эсвэл 3000 кВт.цаг байхаар тогтоохын өмнө нэг асуултад хариулах хэрэгтэй. Төсвөөс санхүүжүүлж буй энэ хөнгөлөлт хэдэн өрхийг халаалтын шийдлээ өөрчлөхөд хүргэж, агаарын бохирдлыг бууруулахад ямар үр дүн өгсөн бэ? Хязгаарыг тэр үр дүнд тулгуурлан тогтоох учиртай. Гол нь төрийн бодлогод итгэж, халаалтаа өөрчилсөн өрхүүд шийдвэрийн хор хохирлыг үүрэх ёсгүй.
