E-Sight
Эрчим хүчний салбарын 2027 оны төсөв анхны төслөөс 65.8 хувиар танагджээ

Эрчим хүчний салбарын 2027 оны төсөв анхны төслөөс 65.8 хувиар танагджээ

Монгол Улсын 2027 оны нэгдсэн төсвийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталлаа. Анх түүхэн дээд хэмжээнд төлөвлөж байсан эрчим хүчний салбарын төсөв хэлэлцүүлгийн явцад 65.8 хувиар буурч, 479.2 тэрбум төгрөгөөр батлагдав. Үүний 217.9 тэрбум нь урсгал зардал бол 261.3 тэрбум нь хөрөнгийн зардал байна. 

Хөрөнгийн зардлын 16 тэрбумыг тоног төхөөрөмжид зарцуулна. Үүний 14 тэрбум төгрөгийг III ДЦС-ын 7 дугаар турбингенератор болон 50 МВт хүчин чадалтай 9 дүгээр турбингенераторыг шинээр суурилуулахад, үлдсэн 2 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт суурилуулах сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжид зарцуулахаар тусгасан байна. Дэд станц, цахилгаан дамжуулах шугам, эрчим хүчний эх үүсвэр, дулаан хангамжийн бүтээн байгуулалтад 245 тэрбум төгрөг төсөвлөжээ. Эдгээрийг дараах хэдэн чиглэлээр багцлан харж болохоор байна.

Үйлдвэр, шинэ хотуудын цахилгаан хангамжийг үргэлжлүүлэн санхүүжүүлнэ

Газрын тос боловсруулах үйлдвэр, Хөшигийн хөндийн шинэ хот, Шинэ Зуунмод хот, Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэсэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн цахилгаан хангамж, дэд станцын ажлыг үргэлжлүүлэн санхүүжүүлнэ.  

Тосонцэнгэл – Их-Уул чиглэлд 35 кВ-ын, Эрдэнэбүрэн – Мянгад чиглэлд 220 кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам барина. Эрдэнэбүрэн – Мянгадын шугамын хамт 220/110/35 кВ-ын дэд станц барих бол Эрдэнэтэд 35/10 кВ-ын дэд станцын хөрөнгө оруулалтыг санхүүжүүлнэ. 

Нийслэлийн 2000 өрхийг цахилгаанд холбоход 7.8 тэрбум төгрөг тусгажээ

Найман аймгийн 16 сум болон нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хүчдэлийн уналттай хэсэг, шинэ суурьшлын бүсийн цахилгаан хангамжийг сайжруулах хөрөнгө оруулалт хийхээр байна. Улаанбаатар хотод цахилгаанд холбогдоогүй 2000 өрхийн цахилгаан хангамжид гадна 7.8 тэрбум төгрөгийг тусад нь төсөвлөжээ. 

Архангай аймгийн төвийн Эрчим хүчний гудамжны авто замын гэрэлтүүлэг, кабель шилжүүлэх ажилд 139 сая төгрөг тусгасан байна. Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт цахилгаан түгээх сүлжээг шинэчилж, ухаалаг тоолуур суурилуулахаар байна. 

Зургаан аймагт дулааны станцын хоёрдугаар хэлхээг санхүүжүүлнэ

Арван аймгийн дулааны цахилгаан станцын төслийг үргэлжлүүлэх хөрөнгө 2027 оны төсөвт тусгагдаагүй. Харин Хэнтий, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр аймгийн төвд баригдах станцуудын хоёрдугаар хэлхээний бүтээн байгуулалтад санхүүжилт тусгагджээ.   

Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн, Завхан аймгийн Тосонцэнгэл, Дорнод аймгийн Хэрлэн, Төв аймгийн Зуунмод сум болон нийслэлийн Хан-Уул дүүргийн дулаан хангамжид улсын төсвөөс хөрөнгө оруулах аж. Насос станцын өргөтгөл, шинэчлэлийн хоёр ч ажлыг мөн санхүүжүүлэхээр байна.