Монгол, Оросын Шинжлэх ухааны академийн эрдэмтдийн хамтарсан ажлын хэсэг 2026 оны 11 дүгээр сарын 19-нд Москва хотноо хуралдаж, Эгийн голын усан цахилгаан станцын төслийн байгаль орчны нөлөөллийн судалгааны эцсийн тайланг ОХУ-ын Шинжлэх ухааны академид хүлээлгэн өгсөн гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Уг хуралдаанаар хоёр улсын ШУА-ийн эрдэмтдийн багийн 2 жил хийж гүйцэтгэсэн “Эгийн голын усан цахилгаан станц төслийн Сэлэнгэ мөрөн болон Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийн байгаль орчны иж бүрэн үнэлгээ” судалгааны ажлын голлох үр дүнг хэлэлцсэн байна.
Мөн судалгааны үр дүн, зөвлөмжийг 2026 оны 12 дугаар сард болох Засгийн газар хоорондын комисст танилцуулахаар шийдвэрлэжээ. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний салбарт олон арван жил хүлээгдэж буй “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг эхлүүлэх таатай нөхцөл бүрдэж байгаа юм.
Эгийн голын УЦС-ын хүчин чадал 315 МВт, усан сангийн хэмжээ 5.7 тэрбум шоо метр, жилд дунджаар 606 сая кВт.цаг цэвэр эрчим хүч үйлдвэрлэх техник, эдийн засгийн үндэслэлтэй юм.
