E-Sight
Байдрагийн УЦС төсөлд Кувейтийн сантай хамтарна

Байдрагийн УЦС төсөлд Кувейтийн сантай хамтарна

Э.Оджаргал
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтүвшин нар Кувейтийн сангийн инженерийн асуудал хариуцсан ахлах зөвлөх Мохаммэд Садэөй, Хууль зүйн ахлах зөвлөх Мохаммад Ал Дабноус  зэрэг  төлөөлөгчидтэй уулзалт (2026.11.23) хийжээ. Тус уулзалтаар 30 МВт-ын хүчин чадалтай Байдрагийн усан цахилгаан станц төслийн санхүүжилтийн асуудлаар санал солилцсон байна.  

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 202 дугаар тогтоолоор төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг эхлүүлсэн. Сонгон шалгаруулалтын баримт бичгийг нийт есөн компани худалдан авсан боловч 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн эцсийн хугацаанд оролцогч компаниудаас материал ирүүлээгүй тул сонгон шалгаруулалт амжилтгүй болжээ. 

Тэгвэл Кувейтийн сангаас тус төслийн санхүүжилтэд оролцохоо илэрхийлж, 15 сая кувейт динар буюу 48.1 сая ам.долларын зээлийн санхүүжилт санал болгосон байна. Зээлийн хүү жилийн 2.5 хувь, захиргааны хураамж 0.5 хувь буюу нийт 3 хувийн нөхцөлтэй бөгөөд зургаан жилийн хөнгөлөлтийн хугацааг оролцуулан нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөх тооцоолол хийжээ. 

Төслийн нийт хөрөнгө оруулалт 53.3 сая ам.доллар бөгөөд барилга угсралтын ажлыг таван жилийн дотор хэрэгжүүлнэ. Байдрагийн УЦС нь 5 МВт-ын хоёр, 20 МВт-ын нэг нийт гурван турбинтэй байхаар төлөвлөжээ. 

Энэхүү эх үүсвэр ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн төв болон сумдын цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах, Төвийн бүсийн эрчим хүчний системд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр нэмэгдүүлэх, оргил ачаалал болон аваарын үед горим тохируулга хийх, импортын эрчим хүчний хамаарлыг бууруулах ач холбогдолтой.  Мөн усан цогцолборыг түшиглэн усалгаатай газар тариалан, загас агнуур, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж ЭХЯ-наас тодорхойлж байна.