E-Sight
Суурилагдсан хүчин чадлаараа хоёрт жагсах “Чандмань” НЦС баригдана

Суурилагдсан хүчин чадлаараа хоёрт жагсах “Чандмань” НЦС баригдана

Төв аймгийн Баянчандмань сумын нутагт 21 МВт суурилагдсан хүчин чадалтай “Чандмань” нарны цахилгаан станцын (НЦС) шав тавих ёслол өчигдөр буюу 2024.09.09-ний өдөр боллоо.

“Чандмань” НЦС-ын төслийг Тайландын хөрөнгө оруулалттай “Би Эй Эф Эс Экс Монголиа” ХХК болон “Солар Энержи Чандмань” ХХК хамтран хэрэгжүүлэх бөгөөд ирэх жилийн гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Уг НЦС-ын нэг онцлог нь суурилагдсан чадлынхаа 20 хувьтай тэнцэхүйц цэнэг хуримтлуур юм. Баянчандмань 110/35/10 кВ дэд станцтай 5 км урт 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбогдон Төвийн бүсийн нэгдсэн системтэй зэрэгцээ ажиллана.

“Чандмань” НЦС нь бүс нутгийн эрчим хүчний хангамжид эерэг нөлөө үзүүлж системийг тэнцвэржүүлэн, дамжуулах шугамын алдагдлыг бууруулахын зэрэгцээ 20,000 айлын эрчим хүчийг нарны эрчим хүчээр хангах ажээ. Түүнчлэн жилд 37,000 МВт*цаг эрчим хүч үйлдвэрлэснээр 32,000 тонн нүүрстөрөгч, 22,000 тонн хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах ач холбогдолтой юм.

Шав тавих ёслолд “Би Эй Эф Эс Экс Клийн Энержи Корпорэйшн Лимитед” компанийн Гүйцэтгэх захирал М.Л.Натасит Дискул, Дэд захирал Гунтапон Маханонда, “Би Эй Эф Эс Экс Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавхлан, “Солар Энержи Чандмань” ХХК-ийн захирал Ц.Даваасүрэн, Баянчандмань сумын ИТХ-ын дарга С.Доржпүрэв, МСЭХҮХ-ны ТУЗ-ийн дарга Р.Бадамдамдин, зөвлөх Б.Хүрэлбат болон бусад зочид төлөөлөгчид оролцсон.

“Би Эй Эф Эс Экс Клийн Энержи Корпорэйшн Лимитед” компанийн Гүйцэтгэх захирал М.Л.Натасит Дискул шав тавих ёслолыг нээхдээ “Монгол, Тайланд хоёр улсын хагас зуун жилийн дипломат харилцааны ойг тэмдэглэж буй түүхэн үйл явдлын үеэр бид “Чандмань” НЦС-ын төслийн шавыг тавьж байна. Энэ төсөл зөвхөн эрчим хүчний дэд бүтцийн хөрөнгө оруулалт биш юм. Хоёр улсын, цаашлаад дэлхийн дахины тогтвортой хөгжил, илүү цэвэр, ногоон ирээдүйн төлөөх бидний хамтын хүчин чармайлт, тууштай зүтгэлийн илэрхийлэл” гэдгийг онцолж байв.

“Би Эй Эф Эс Экс Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавхлан “Чандмань” НЦС-ын судалгааны ажил 2013 оноос хийгдэж 2017 онд тусгай зөвшөөрлөө авсан. Техникийн нөхцөл, үнэ тарифаа батлуулах, эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулах ажлууд эрчимтэй өрнөж байсан ч цар тахлын улмаас гадаадын хөрөнгө оруулалт татахад хүндрэл үүссэн тал бий. Эдгээр сорилтуудыг даван өнөөдөр бид төслийнхөө шавыг тавьж байгаад баяртай байна. Төсөл хэрэгжснээр эрчим хүчний салбарт тулгамдаад буй оргил ачааллыг шийдэлцэхээс гадна аймаг, орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.” хэмээн ярилаа.