E-Sight
Монгол Улсад 100 МВт-ын салхин станцыг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлнэ

Монгол Улсад 100 МВт-ын салхин станцыг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлнэ

Монгол Улсын салхины нөөц ихтэй бүс нутагт салхин цахилгаан станцын өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээний гэрээг өнөөдөр (2024.06.04) байгуулав.

“Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-нд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Олон улсын санхүүгийн корпорацийн хөрөнгө оруулалтын ахлах мэргэжилтэн Шобанн Венкатраман нар гарын үсэг зурлаа.

Гэрээний дагуу Олон улсын санхүүгийн корпорацийн зөвлөх баг Монгол Улсад 100 МВт хүчин чадалтай салхин цахилгаан станцын төслийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлэхэд Эрчим хүчний яаманд дэмжлэг үзүүлнэ.

Энэхүү станц ашиглалтад орсноор 1 кВт/ц цахилгаан эрчим хүчийг 4-5 цент буюу 135-169 төгрөгөөр нэгдсэн сүлжээнд нийлүүлэх урьдчилсан тооцоолол гарчээ.

Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Шобанн Венкатараман "Төсөл маань 1.5 жилийн хугацаанд үргэлжилнэ. Эхний жилд эрчим хүчний эх үүсвэрүүдийг яаж ашиглах, сонгон шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулах болон техник эдийн засгийн үндэслэл боловсруулах судалгааг дорвитой хийх шаардлагатай байна" гэв.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх "Өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг нэвтрүүлснээр эх үүсвэрийн хүчин чадал нэмэгдэх, хямд, цэвэр, ногоон эрчим хүчээр хэрэглэгчдийг хангах боломж бүрдэнэ. Мөн одоогийн СЭХ-ний эх үүсвэрүүдээс худалдаж авч байгаа нэгж бүтээгдэхүүний тариф 2-3 дахин бага байх тооцоолол гарсан" гэлээ.