E-Sight
EIB: 2027 он хүртэл нүүрстөрөгчгүй технологийг санхүүжүүлэхэд 150 тэрбум евро зарцуулна

EIB: 2027 он хүртэл нүүрстөрөгчгүй технологийг санхүүжүүлэхэд 150 тэрбум евро зарцуулна

Европын хөрөнгө оруулалтын банк (EIB) нь Европын орнуудын чулуужсан түлшний импортын хараат байдлыг бууруулах, эрчим хүчний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Испани, Итали, Португал зэрэг улсын шинэ 17 нарны цахилгаан станцыг санхүүжүүлж байна. Тухайн орнууд бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч BNZ компанитай 166 сая еврогийн зээлийн гэрээ байгуулжээ. Энэхүү санхүүжилт нь 2026 он гэхэд Өмнөд Европын бүс нутагт нарны эрчим 1.7 ГВт хүчний чадлыг суурилуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Европын хөрөнгө оруулалтын банкнаас баталсан нийт 500 сая еврогийн зээлийн эхний хэсэг аж. Нийт 700 МВт хүчин чадалтай 17 станц нь 390 гаруй мянган өрхийн жилийн дундаж хэрэглээтэй тэнцэх сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх юм байна.

"Уур амьсгалын банк" гэж нэрлэгддэг Европын хөрөнгө оруулалтын банкны хувьд гишүүн орнуудын эрчим хүчний шилжилтийг хурдасгахад анхаарч, Европын ногоон хэлэлцээрийн зорилгод нийцсэн төслүүдийг санхүүжүүлдэг. Европын эрчим хүчний аюулгүй, бие даасан байдал нь нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэхийн зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хүчин чармайлтаас шууд хамаарч байна.

Европын хөрөнгө оруулалтын банкны энэхүү санхүүжилт нь Европын Холбооны уур амьсгалын зорилтууд, тэр дундаа 2050 он гэхэд нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах, саармагжуулалтыг хангах зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа юм. Энэ төсөл сэргээгдэх технологид суурилсан эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэхийг дэмжсэн Европын ногоон хэлэлцээр, өмнө дурдсан REPowerEU төлөвлөгөөтэй нийцэж байгаагаараа онцлог аж. Зөвхөн 2023 онд Европын хөрөнгө оруулалтын банк сэргээгдэх эрчим хүч, цахилгаан сүлжээний дэд бүтэц, хадгалах систем зэрэг чиглэгдсэн эрчим хүчний аюулгүй байдлын төслүүдэд 21 тэрбум гаруй еврогийн санхүүжилт олгожээ. Тэгвэл 2027 он хүртэл Европын хөрөнгө оруулалтын банк нүүрстөрөгчгүй технологийг санхүүжүүлэх, чухал түүхий эдийг олборлох, боловсруулах, дахин боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 150 тэрбум евро зарцуулахаар төлөвлөж байна.