E-Sight
Дибора.С: Тархмал эх үүсгүүрийн гол давуу тал нь алслагдсан бүс нутагт тусдаа бие даасан системийг байгуулж, хэрэглээ, үйлдвэрлэлээ хангах боломжтой

Дибора.С: Тархмал эх үүсгүүрийн гол давуу тал нь алслагдсан бүс нутагт тусдаа бие даасан системийг байгуулж, хэрэглээ, үйлдвэрлэлээ хангах боломжтой

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Өнөөдөр (2024.09.19) Эрчим хүчний зохицуулах хороонд "Тархмал эх үүсгүүрийн хамтарсан хэлэлцүүлэг" арга хэмжээ болж байна. Хамтарсан хэлэлцүүлэгт Эрчим хүчний яам, АНУ-ын Элчин сайдын яам, "Диспетчерийн үндэсний төв" ТӨХКК, "Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв" УТҮГ, "Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн" ТӨААТҮГ, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК, "Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ" ХК, "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК, "Ньюком" ХХК болон бусад мэргэжилтнүүд оролцож байна.

Тус арга хэмжээний зорилго нь тархмал эх үүсгүүрийн туршлагыг хуваалцах, ялангуяа тарифын бодлого тодорхойлох, тархмал эх үүсгүүртэй холбоотой зохицуулалтын дүрэм журам боловсруулах аж.
АНУ-ын их сургууль, эрчим хүчний зөвлөх үйлчилгээний төлөөлөл оролцож тархмал эх үүсгүүрийн зохицуулалтын талаар өөрийн улсын туршлагыг хуваалцаж байна. Тус хэлэлцүүлэгт оролцож байгаа Тафтс Их Сургуулийн туслах профессор Дибора.С:
"Тархмал эх үүсгүүртэй холбоотой давуу болон сул тал олон байдаг. Бусад улс орнуудын туршлагыг судалснаар тэдний алдааг давтахгүй байх боломжтой. Нарны эрчим хүчийг ашигласнаар эрчим хүчний системд эерэг зүйлс гардаг. Гэхдээ өдрийн цагаар нартай үед эрчим хүч үйлдвэрлэж, наргүй үед эрчим хүчний үйлдвэрлэл багасаж системд өөрчлөлт ордог. Иймээс бусад улсын сайн туршлагыг судалж, эрчим хүчний хэмнэлт зэрэг хосолсон арга хэмжээг авснаар үр дүн хүрч болно.

Монголоос гадна Этиоп зэрэг хөгжиж буй улс орнуудад тархмал эх үүсгүүрийг ашигладаг. Тулгарч байгаа асуудлыг шийдэх арга зам нь олон учраас улс орнууд өөрсдийн тохиромжтой аргыг сонгож чадвал үр дүнтэй.

Тархмал эх үүсгүүрийн гол давуу тал нь алслагдсан бүс нутагт тусдаа бие даасан системийг байгуулж, хэрэглээ, үйлдвэрлэлээ хангах боломжтой" гэв.

Тархмал үүсгүүрийг эрчим хүчний үйлдвэрлэлд түгээмэл ашигласнаар сүлжээний тогтвортой байдлыг нэмэгдүүлж, хэрэглэгчдийн хувьд эрчим хүчний зардлаа хэмнэхэд тустай байдаг. Үүний тулд нарны панел, салхин цахилгаан үүсгүүрүүд, батарей хадгалах төхөөрөмж зэрэг чадлын эрчим хүчний үүсгүүрүүдийг хэрэглэн нэмэгдүүлэх шаардлагатай аж.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун:
"Сэргээгдэх эрчим хүчний хууль 2019 онд өөрчлөлт ороход тархмал эх үүсгүүрийн тодорхой зохицуулалт энэ хуульд сууж өгсөн. Тархмал эх үүсгүүр бол Монгол Улсад харьцангуй шинэ. Та бүхний мэдэж байгаа Дэлхийн банкнаас 100 мянган нарны гэр амжилттай хэрэгжсэн. Манай хөдөөгийн малчин айл өрх бүгд гэрийнхээ гадаа дэлгэцтэй, акумлятортой, өөрсдийнхөө хэрэглээг хангаад байгаа. Энэ чинь тархмал эх үүсгүүр. Одоо суурин газруудад тархмал эх үүсгүүрийг түлхүү ашиглаж эхэлж байгаа. Бүрэн утгаар тархмал эх үүсгүүрийг ашигладаг 10 гаруй өрхтэй. Олон айл өрх нарны үүсгүүр, батарейтай, эсвэл салхин сэнс тавья гэдэг хүсэлт ирдэг.

Манай зөвлөгөөний гол утга гэвэл АНУ-д тархмал эх үүсгүүр олон жилийн хөгжилтэй. Энэ чиглэлээр экспертүүд ирж алдаа, онооны талаар сургалт явуулж байна. Төрийн зүгээс ямар дэмжлэг үзүүлдэг, эрх зүйн хувьд зохицуулалт, дүрэм журам ямар байдгийг ярьж байна. Манайхан ч гэсэн асууж тодруулж байгаа юмнууд байна. Манай эрчим хүчний салбарынхнаас гадна онлайнаар хэрэглэгчид оролцож байна. Нээлттэй ийм семинар болж байгаа.

Одоогийн хуулийн зохицуулалтаар өөрийн хэрэглээг эхлээд хангая. Илүү гарвал сүлжээнд өгье гэдэг. Тэгэхээр зорилго нь өөрийгөө хангах. Гэтэл зарим манай хэрэглэгчид хашаандаа нарны үүсгүүр тавиад бизнесийн зорилгоор ашиглах гэдэг. Өндөр үнээр сүлжээнд өгье. Энэ нь өөрөө төрөөс зохицуулалттай байхгүй бол хэтэрхий их болбол эргээд салбарт эдийн засгийн хувьд хүндрэл учруулж болзошгүй, техникийн хувьд харьцааг нь хангахгүй бол тогтвортой, найдвартай байдалд нөлөө үзүүлэхүйц зүйл. Одоо бид сүлжээнээс авдаг үнээр нь илүү гарсан үнээр сүлжээнд нийлүүлье гэсэн зарчим бариад явж байна. Гэхдээ энийг яам эргэж хараад өөрчлөлт хийж байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдэд арай илүү таатай нөхцөлийг тусгаж өгч байгаа болов уу.

Зун айлын хэрэглээ бага байдаг. Бага үедээ сүлжээндээ өгөөд сүлжээнээс авлага үүсгээд явдаг. Шууд мөнгө авахгүй байгаа. Өвөл нь хэрэглээ өсөж сүлжээнээс авч эхэлдэг. Тэрийгээ хаалгуулж тооцдог. Айл өрхийн хувьд эдийн засгийн хувьд үр ашиг байгаа гэж хардаг" гэлээ.

Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсгүүрийг суурилуулахдаа иргэн 20 хүртэл кВт чадал, хуулийн этгээд техникийн нөхцөлөөр тогтоосон чадлын 50 хувиас хэтрэхгүй хэмжээнд багтааж суурилуулна. Хэрэглэгч нь үүсгүүрийн эхний ээлжинд зөвхөн өөрийн хэрэгцээнд ашиглах зорилгоор ажиллуулж болно. Бүх үүсгүүр түгээх сүлжээний 0.4 кВ-ын хүчдэлийн түвшинд холбогдоно зэрэг журмыг мөрддөг байна.