E-Sight
Хүлэмжийн хийн ялгарлыг 0-д хүргэхэд хэр хэмжээний ашигт малтмал шаардлагатай вэ?

Хүлэмжийн хийн ялгарлыг 0-д хүргэхэд хэр хэмжээний ашигт малтмал шаардлагатай вэ?

Эрчим хүчний тодорхой нэг буюу хэд хэдэн эх үүсвэр болон технологийг халж, өөр эх үүсвэр, технологид шилжих үйл явцыг эрчим хүчний шилжилт гэж тодорхойлж байна. Эрчим хүчний шилжилт бол өмнө нь болж байсан, одоо болж байгаа, ирээдүйд ч болох үзэгдэл юм. Өнөөгийн эрчим хүчний шилжилтийн гол цөм нь дэлхий даяар  уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, нүүрсхүчлийн хийг багасгахад чиглэснээрээ илүү ногоон, цэвэр гэсэн тодотголтой. Улс орнууд нүүрс, газрын тос, байгалийн хийн хэрэглээнээс татгалзаж, нарны болон салхины эрчим хүч, усан цахилгаан станц зэрэг сэргээгдэх эх үүсвэрүүд, дэвшилтэт батарейн технологи руу шилжих байдлаар эрчим хүчний бүтцээ өөрчилж байна.

Ногоон эрчим хүчний үндсэн технологи, эрчим хүчний шилжилтийн дэд бүтцийн бүтээн байгуулалтууд нь ашигт малтмалаас ихээхэн хамаарч байгаа юм. Тухайлбал зэс, төмрийн хүдэр, хөнгөн цагаан, хар тугалга, манган, газрын ховор элемент, цайр, лити, молибден гэх мэт 20 гаруй ашигт малтмалыг эрчим хүчний шилжилтэд шаардлагатай гэж олон улсад үзэж байгаа. Хүлэмжийн хийн ялгарлыг тэг түвшинд хүргэхэд шаардлагатай ашигт малтмал, тэдгээрийн эрэлтийг Олон улсын эрчим хүчний агентлагаас тооцоолсон судалгааг энд харууллаа.

Улс орнууд тухайн ашигт малтмалын эрэлт нийлүүлэлт, ашиглагдаж байгаа салбарын нөхцөл байдал, байгаль орчны эрсдэл, геополитикийн зөрчил үүсэх эсэх зэргийг харгалзан өөрийн орны стратегийн ашигт малтмалуудыг тодорхойлдог. Дэлхий дахинд өрнөсөн эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор улс орнууд дээрх ашигт малтмалын хайгуул олборлолт дээр төвлөрч, нөөц баялгийн салбарын бодлогоо боловсруулж байгаа юм.

Тэгвэл Монголын хувьд эрчим хүчний шилжилтийн ашигт малтмалуудаас зэс, лити, никель, кобальтыг манай улсын чухал ашигт малтмал гэж зарлахаар хэлэлцэж байна. Манай улс хайгуул олборлолтоос илүүтэй дараачийн шатны боловсруулах үйл явцад анхаарч, ашигт малтмалуудыг боловсруулах үйлдвэртэй болох нь энэ салбарт дотооддоо ажлын байр олноор бий болгох, эдийн засгийн үр өгөөжөө нэмэгдүүлэх чухал алхам болно гэж судлаачид үзэж байна.