E-Sight
Курсад Деринкую: Эрчим хүчний зах зээл рүү шилжихэд жижиг зах зээл гэдэг нь ямар нэг нөлөө үзүүлэхгүй

Курсад Деринкую: Эрчим хүчний зах зээл рүү шилжихэд жижиг зах зээл гэдэг нь ямар нэг нөлөө үзүүлэхгүй

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Өнөөдөр (2024.05.28) Эрчим хүчний зохицуулах хороонд "Цахилгаан эрчим хүчний бөөний өрсөлдөөнт зах зээлийн стратеги" сэдэвт гурван өдрийн уулзалт үргэлжилж байна. Тус уулзалтад АНУ, Өмнөд Солонгос, Турк зэрэг улс хэрхэн бөөний зах зээл нэвтрүүлсэн туршлагаа солилцож байна.

Уг уулзалтыг зохион байгуулагч Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун сэтгүүлчдэд яриа өглөө. Тэрээр "Дэлхийд эрчим хүчний гэрээт, бөөний, жижиглэн, нэг худалдан авагчтай зах зээл гэж байдаг. Эндээс тухайн улс орон өөрийн онцлогт хамаарч аль зах зээлээр явах гэдгээ сонгодог. Монгол Улсын хувьд нэг худалдан авагчтай зах зээлийг хэрэгжүүлдэг. Магадгүй дараагийн зах зээл нь бөөнийх байх боломжтой. Манай эрчим хүчний зах зээлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шинэ эх үүсвэрүүд баригдаж байна. Иймээс бөөний зах зээлийн бүрдэх боломж байдаг.

Бөөний зах зээлд шилжсэнээр дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татах, өрсөлдөөн үүсэх гээд олон давуу талтай. Яг өнөөдөр шууд бөөний зах зээлд шилжихэд эх үүсвэрийн бүтэц, хэрэглээний онцлогоос хамаараад хараахан боломжгүй байна. Гэхдээ бид дараагийн зах зээлийн суурийг тавихын тулд холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулах ажлыг үе шаттай хийх шаардлагатай. Энэ ажил хийгдээд явж байна.

Өрсөлдөөнт зах зээлд орвол үнэ хамгийн чухал. Чөлөөт өрсөлдөөнд орвол эрэлт, нийлүүлэлтийнхээ хуулиар явна. Эрчим хүчний үнийн талаар байнга ярьдаг. Одоогийн эрчим хүчний үүсвэрүүд монопол байна. ТЭЦ-4 гэхэд ганцаараа дотоодын үйлдвэрлэлийн 60-70 хувийг үйлдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл 774 МВт. Гэтэл зах зээлд оролцож байгаа бусад үүсвэрүүд 10-20 МВт хэмжээтэй жижиг байна. Иймээс өрсөлдөөн үүсэхгүй байна. Хоёрдугаарт өртгийн хувьд ТЭЦ-4 80-90 төгрөгөөр үйлдвэрлэж байхад нарны станцууд гэхэд үнэтэй үйлдвэрлэж байна. Хүчин чадал, өртгийн хувьд шууд өрсөлдөхөд хүндрэлтэй байна. Мөн манай улс эрчим хүчний дутагдалд орчихсон. Ямар ч нөөцгүйгээр, байгаа бүх тоноглолоо ажиллуулаад явж байна. Иймээс өрсөлдөөн үүсгэхийн тулд манай хорооны зүгээс арга, аргачлалаа боловсруулаад явж байгаа" гэв.

Эрчим хүчний зохицуулах хороо АНУ-ын Эрчим хүчний зохицуулагчдын үндэсний ассоциаци (NARUC)-тай хамтран хоёр удаагаа мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан уулзалтыг зохион байгуулж байна.

Уулзалтын хоёр дахь өдөр буюу өнөөдөр MISO компани, Туркийн Айдын Их Сургуулиас илтгэл тавьж байна. Туркийн Айдын Их Сургуулийн профессор Курсад Деринкую "Туркийн бөөний зах зээлийн шилжилт 20 гаруй жил үргэлжилсэн. Одоо ч үргэлжилж байна. Энэхүү зах зээлийн шилжилтийг үр дүнтэй явуулахын тулд бусад улсын туршлага, зохицуулалтыг авч хэрэгжүүлж байгаа. Үүний ачаар хувийн хэвшлээс орох хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж чадсан. Гэхдээ 100 хувь төгс хийсэн гэж хэлж чадахгүй. Алдаа дутагдал байсан. Тэр болгонд маш хурдан арга хэмжээ авч ажилласан. Хамгийн гол нь хэрэглэгч, нийлүүлэлтээ сайн тооцоолж шилжилтийг хийж байна. Үүний үр дүнд хөрөнгө оруулагч нарынхаа төдийгүй хэрэглэгчдийнхээ итгэлийг олж авч чадсан.

Турк бол хөгжсөн орон. Хэдийгээр хөгжсөн орон ч гэсэн зах зээлийн шилжилт үргэлжилсээр байна. Бид байнга сорилттой тулгарч, түүнийгээ даван туулж, шинэ технологиуд нэвтрүүлдэг. Монголын хувьд жижиг зах зээлтэй. Гэхдээ Монгол шиг жижиг зах зээл, хүн ам багатай боловч зах зээл рүү шилжчихсэн Европын орнууд байдаг. Иймээс эрчим хүчний зах зээл рүү шилжихэд жижиг зах зээл гэдэг нь ямар нэг нөлөө үзүүлэхгүй. Харин хөрөнгө оруулагч нарт улс төр, эрчим хүчний зохицуулалтын хувьд тогтвортой гэдгийг ойлгуулах хэрэгтэй" гэв.

Турк улсын хувьд бөөний үйлдвэрлэл рүү шилжсэн 20 гаруй жилийн хугацаанд 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлүүдээс татжээ.